“Их говийн тэмээний баяр-2019” наадам 12 дахь удаагаа болно
Алтай нутгийн тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг өсгөх, тэмээчдээ алдаршуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилготой “Их говийн тэмээний баяр”-ыг 12 дахь удаагаа зохионо. Говь-Алтай аймагт 2005 оноос хойш уламжлалт наадмыг “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллага, тус аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААГ, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Алтай хотноо зохион байгуулах ажээ.
Наадмын үеэр тэмээ, тэмээчин, говь нутгийн сэдэвт уран бүтээлийн тоглолт, “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, шилмэл ингэ, шилмэл буур, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан, тэмээн поло, хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн зөвлөгөөн, “Тэмээн сүргийн говь" хүндэтгэлийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа болох гэнэ.
Энэ удаагийн үйл ажиллагааг анхлан санаачилж ажил хэрэг болгосон УИХ, Засгийн газрын гишүүн, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын Хүндэт тэргүүн агсан Ц.Дашдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаараа онцлогтой юм.
Э.Нарангэрэл