Улсын чанартай авто замын хөдөлгөөн эрс нэмэгджээ
Улс орон даяар энэ сарын гуравны өглөөний 06 цагт хот хоорондын зөрчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийг дайран өнгөрөх улсын чанартай авто замын ачаалал эрс нэмэгджээ.
Гуравдугаар сарын гуравны өдөр Говь-Алтай аймгийн хэмжээнд улсын чанартай зам дагуух хяналтын 11 постоор 1100 тээврийн хэрэгсэл 4400 зорчигч орох, гарах хөдөлгөөнд оролцсон байна. Үүний 820 тээврийн хэрэгсэл, 4330 зорчигч нийслэл хотыг зорьж буйгаа мэдүүлсэн бол 420 тээврийн хэрэгсэл 800 гаруй зорчигч тус аймаг руу орохоор бүртгүүлжээ.
Орох, гарах хөдөлгөөнд оролцсон зорчигчдыг бүртгэх, эрүүл мэндийн байдлыг нь шалгах, санамж зөвлөмж хүргэх ажлыг Говь-Алтай аймаг дахь Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн газрын алба хаагчид 24 цагаар хамтран гүйцэтгэжээ. Мөн авто замын хөдөлгөөнд оролцогчдыг хяналтын цэг бүрт бүртгэн тээврийн хэрэгслийн дундаж хурдыг тооцоолон гаргасан бөгөөд хурд хэтрүүлсэн 30 гаруй жолоочид арга хэмжээ авч, нэг жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай тус аймаг дахь Цагдаагийн газраас мэдээлэв.
Э.Нарангэрэл