📅

“Тайшир-Алтай” төсөл амжилттай үргэлжилж байна

🕔 2020/03/25 14:23

Говь-Алтай аймгийн Алтай хотыг ундны цэвэр усаар хангахаар Завхан голоос тус аймгийн тѳв хүртэл ус дамжуулах шугам хоолой татах, дагалдах тоног тѳхѳѳрѳмжийг суурилуулан, ус цэвэршүүлэх станцыг барих зорилгоор хэрэгжүүлж буй "Тайшир-Алтай" тѳсөл үргэлжилж байгаа тухай ЗДТГ-аас мэдээлэв. Энэхүү ундны ус татах, нуурын мандал дээр шугам хоолой угсарч суурилуулах, живүүлэх ажил нь урд өмнө нь манай улсад хийж байгаагүй барилга угсралтын ажил гэдгээрээ онцлогтой юм. Хаврын улирал эхэлсэн ч жавар тачигнасан энэ өдрүүдэд "Сайрамбулган" ХХК-ийн хамт олон монгол инженерүүдийн ур ухаанаар төслийн гадаргын ус авах хэсгийн хүндрэлтэй ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн тухайгаа олон нийтэд танилцуулаад байна.

Уг тѳсѳл нь гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нѳѳцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нѳхцѳлийг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд "Тайшир Алтай ус хангамж" төслийг 14 сая еврогийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Тайширын усан сангаас эргийн далд байгууламжаар усыг шүүрүүлэн авч 52 км шугам хоолойгоор дамжуулан тус аймгийн төв Есөнбулаг суманд хүргэж хүн амыг ундны усны стандартад нийцсэн усаар хангах юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол