3000 хүүхдэд эрүүл мэндийн багц олгоно
"Дэлхийн Зөн" Говь-Алтай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор "Орон нутгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр"-т бүртгэлтэй 3000 хүүхдэд эрүүл мэндийн багц олгохоор болжээ.
Тус ОУБ нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улс орон даяар хөл хорио тогтоосноос хойших хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого эрхэлсэн орлогч Я.Эрхэмбаяр, ЭМГ-ын дарга Ц.Туяа нартай уулзаж аймагт анх даавуун амны хаалт хийх ажлын талаар ярилцаж ажил хэрэг болгосоор байна. Онцолбол, Говь-Алтай аймгийн орон нутгийн үйлдвэрлэгчээр 5000 ширхэг амны хаалт оёулан "Орон нутгийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр"-т бүртгэлтэй 3000 хүүхдэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага, саван, санитол, витамин зэргийг багц болгон тараахад бэлэн болжээ.
Хоёр сарын хугацаанд хамтран ажиллаж тус аймагт даавуун амны хаалт оёулах ажлыг санаачилсан ЭМГ-ын дарга Ц.Туяа, ХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Дулмаа болон Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн байгууллага Б.Эрдэнэсүрэн даргатай “Уран шувуу” ХХК-ийн хамт олонд "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын Говь-Алтай ОНХХ-өөс талархал илэрхийллээ.
Э.Нарангэрэл