Сүрьеэгээр 16-50 насныхан өвчилж байна
Говь-Алтай аймагт жилд дунджаар 25 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэн эмчлэгддэг бөгөөд 16-50 насны буюу хөдөлмөрийн насныхан эзэлж байна.
2019 оны нэгдүгээр улиралд гурав оношлогдож байсан бол харин энэ оны нэгдүгээр улиралд 12 сүрьеэгийн шинэ тохиолдол оношлогдон хэвтэн эмчлүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад сүрьеэгийн өвчлөл, эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэх хандлагатай байгаа ажээ. Түүнчлэн 2019 онд 31 шинэ тохиолдлыг оношлон эмчилгээнд хамруулан амжилттай эмчилсэн хэмээн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн их эмч Г.Буянхишиг мэдээлэв. Тэрээр “Бид сүрьеэгийн диспансер, сум, өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран эмийн эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Мөн 2019 онд хоолтой өдрийн эмчилгээний цэгийг шинээр байгуулснаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилж эмчилгээний эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна” хэмээлээ. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас ард иргэдэд сүреэгийн талаар зөвлөмжийг хүргэж байна.
Сүрьеэ хэрхэн халдварладаг вэ?
Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар халддаг, сүрьеэгийн нянгаар үсгэгддэг архаг халдварт өвчин юм.. Уушгины хэлбэрийн сүрьеэгээр өвдсөн өвчтөн ханиалгах, найтаах, ярих, үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, энэ агаараар амьсгалсан хүн халдвар авч өвчилдөг.
Сүрьеэгээр өвдөх эрсдэл:
Удаан хугацаагаар хүндээр өвдөх, байнгын сэтгэлийн дарамттай байх, дархлаа сулрах, хорт зуршилд автах, хоол хүнсээр шаардлагатай аминдэм, эрдэс бодисоо авч чадахгүй байх, биеийн болон оюуны хэт ачаалалтай удаан ажиллах, ХДХВ-ний халдвар авсан бол, бохир заваан, нарны гэрэл тусдаггүй агааржилт хангалтгүй орчинд ажиллаж амьдрах нь сүрьеэгээр өвчлөхөд нөлөөлдөг.
Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг:
Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс илэрвэл та сүрьеэгээр өвчилсөн байж болзошгүй тул өрх, сумын эмч, харьяа аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт очиж үзүүлэн оношоо тогтоолгох шаардлагатай. Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь сүрьеэгийн нян бие махбодын аль эрхтэнд байрласнаас шалтгаална.
• 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цустай буюу ногоон өнгийн цэртэй ханиалгах (уушгины гүнээс цэртэй ханиалгах)
• Ядарч сульдах
• Турах
• Хоолонд дургүй болох
• Халуурах
• Шөнө хөлрөх гэх мэт
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдол юу вэ?
Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн эсвэл дотны хүн чинь сүрьеэгээр өвчилсөн бол та урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Ингэснээрээ та өөрийгөө болон үр хүүхэд, ойр дотны бусад хүмүүсээ сүрьеэгийн халдвар авах, халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаас сэргийлж чадна.
Ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?
1. Цээжний рентген зураг
2. Туберкулины сорил
3. Цэрний шинжилгээ
Сүрьеэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дархлаажуулалтад хамрагдах
-Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм
-Гэр бүлийн бүх гишүүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
-Биеийн дархлааг сайжруулах, амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
-Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
-Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
Сүрьеэ эдгэрдэг өвчин бөгөөд эмчилгээний явцад анхаарах зүйлс:
-Сүрьеэгийн эмийг эмчийн хяналтад ууснаар сүрьеэ бүрэн эдгэрнэ. Сүрьеэгийн эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг.
-Эмээ тасралтгүй эмчийн хяналтад 6-8 сар уух. Эмчилгээ эхэлсний дараа 2-4 долоо хоногийн дараа таны зовуурь арилна. Энэ үед өвчин бүрэн эдгэрсэн биш өвчний нян бүрэн үхээгүй идэвхгүй байдалд орсон байдаг. Эмээ алдаг оног ууж эмчилгээг олон хоногоор таслах нь сүрьеэгийн савханцар эмэнд тэсвэржин улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсгэж улмаар үхэлд хүргэх аюултай, эмэнд дасалтай сүрьеэг 2 жилийн турш эрчимтэй эмчлүүлэх шаардлагатай болдог.
-Эмчилгээ хийлгэх явцад эмч зөвшөөртөл ажил, сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар явахаас татгалзах
Сүрьеэгийн эдгэрэлтэд өвчтөний сэтгэл санаа тайван байх нь чухал тул өвдсөн хүн айж эмээх, санаа зовох, ичих шаардлагагүй мөн өвчтөний гэр бүлийн гишүүд, найз нөхөд ажлын хамт олон өвчнийг бүрэн эдгэрэхэд нь туслах. Үүнд: сэтгэл санааг дэмжих, чанарлаг хоол хүнсээр ханган, ажлын зохицуулалт хийх зэрэг халамж анхаарал тавих нь зүйтэй юм.
Э.Нарангэрэл