Говь-Алтайн музейд МЭӨ III-VII зуунд хамаарагдах хүрэл морины хөшөө хадгалагдаж байна
Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейд МЭӨ III-VII зуунд хамаарагдах хосгүй үнэт үзмэр хүрэл морины хөшөө хадгалагдаж байна.
Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ III-VII зуунд хамаарагдах уг хүрэл морийг Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авчээ. Морины хэлбэр, хэв шинжийг нь ажвал хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ. Түүний сүүлийг мушгиж гоёсон, нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, борвины үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй бүтээгдсэн нь сонин содон харагддаг юм.
Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан удаатай бөгөөд Говь-Алтай аймгийн түүхэн дурсгал, есөн гайхамшгийн нэгээр өргөмжилсөн юм. Алтай хотын өнгө үзэмжийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлж эх нутгийн ирээдүй болсон хүүхэд залуустаа үүх түүхээ таниулах зорилгоор хосгүй үнэт үзмэр болох хүрэл морины хөшөөг Алтай хотод сүндэрлүүлжээ.
Тус аймгийн музей анх 1947 онд кабинет нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд музей болон өргөжсөн бөгөөд өдгөө 2500 гаруй үзмэртэй аж. Музейд хосгүй үнэт хүрэл мориноос гадна МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, МЭӨ III-VII зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы мөнгөн барс бариулт тамга, Галданбошигтын эмээл зэрэг ховор нандин түүх соёлын дурсгал олон байдаг.
Э.Нарангэрэл