Говь-Алтай аймгийн 88 багийн 7105 малчин өрх “Аяны богц” аянд хамрагдана
Говь-Алтай аймгийн 18 сумын 88 багийн 7105 малчин өрхийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн ХХААГ-аас “Аяны богц” аяныг зохион байгуулж эхэллээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, гамшгаас хамгаалах чиглэлийн салбарын хууль тогтоомж, холбогдох мэдээллийг цогц байдлаар малчдад хүргэхээр дээрх аяныг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд зохион байгуулах юм. Аяныг тус аймгийн ХХААГ санаачлан Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мал эмнэлгийн газар, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл хөтөлбөрийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.
Говь-Алтай аймгийн хувьд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, өргөн уудам нутагтай, цахим орчны хүртээмж хомс, шинээр гарч байгаа хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр цаг алдаж малчдад хүрдэг. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал, хүүхдийн болзошгүй эрсдэл, осол гэмтэл, ган зудаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл дутмаг учир олон талын мэдлэг мэдээллээр хангах зайлшгүй шаардлага бий учир энэхүү арга хэмжээг санаачлан өрнүүлж байна хэмээн тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ онцлон танилцуулав.
Э.Нарангэрэл