📅

Сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх тусгай танхимтай боллоо

🕔 2020/05/05 18:49

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх тусгай танхимтай боллоо. Тодруулбал, тус эмнэлэгт өсвөр үеийн сэтгэцийн эмгэгийг эмчлэх тусгай өрөө танхим зайлшгүй байгуулах шаардлага үүссэн байна. Үүнтэй холбоотойгоор Сэтгэц, мэдрэлийн тасгийн их эмч Ш.Юмжирмаа НҮБ-ын Хүүхдийн санд “Өсвөр үеийн хүүхдийг эмчлэх өрөө байгуулж өгнө үү” гэсэн хүсэлтээ уламжилсны дагуу “Сэтгэцийн амбулаторийн сэтгэл заслын кабинет”, “Эрүүл сэтгэц” хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээний тусгай өрөөг ийнхүү байгуулжээ.

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц, мэдрэлийн кабинетаар жилд 6000 гаруй иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг бол өнгөрсөн онд Сэтгэц, мэдрэлийн тасагт 209 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Сэтгэцийн эмгэгтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүдийг өмнө нь Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчилдэг байсныг өнгөрсөн оноос эхлэн Сэтгэц, мэдрэлийн тасагтаа хүлээн авч эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг явуулдаг болсон. Өнгөрсөн онд 20 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. 

Сэтгэцийн эмгэгтэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн тохижуулсан сэтгэц заслын тусгай өрөөг ийнхүү байгууллаа хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Ш.Сэлэнгэ мэдээлэв. Тэрээр цааш нь хэлэхдээ, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд байнга дэмжин хамтран ажилладаг НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархлаа илэрхийлсэн юм. Хамгийн сүүлд уг төслөөс Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэтгэц заслын өрөө болон Халдвартын тасагт дөрвөн сая төгрөгийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч, тарианы автомат шахуурга, дуслын автомат шахуурга нийлүүлсэн байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол