📅

Баавгайн эсрэг бүргэдийн тоншилт

🕔 2017/08/11 09:53

АНУ-ын Конгрессоос Иран, ОХУ, Хойд Солонгос зэрэг гурван улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ баталсан нь олон улсын харилцааг хурцадмал байдалд оруулаад байна. АНУ-ын эрх баригчид шинэ хориг арга хэмжээ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Ираны цэрэгжилтийг хумих зорилготой хэмээн тайлбарлажээ. Иран улсын талаас АНУ-ын шинэ хориг арга хэмжээ нь Тегерантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг зөрчсөн хэмээн буруутгасан бол Хойд Солонгос Гуам арлыг пуужингаар харвахаар заналхийлжээ.

 

Харин Москвагийн эсрэг хориг арга хэмжээ нь ОХУ-ын фирмүүдийг Баруунаас санхүүжилт татахыг хязгаарлаж, шинэ төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт авах боломжийг багасгажээ. Түүнчлэн ОХУ-аас зэвсэг бусад бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурснаар баталгаажсан ОХУ-ын эсрэг шинэ хориг нь 2016 оны Цагаан ордны сонгуульд хөндлөнгөөс оролцсон болон Украинд явуулсан үйл ажиллагааных нь хариуд Москваг шийтгэж буй хэрэг аж. Үүний хариуд ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев АНУ шинэ хориг тавьснаараа Москвагийн эсрэг бүрэн хэмжээний худалдааны дайн зарлаж буй хэрэг юм хэмээн мэдэгджээ. Мөн ОХУ дахь АНУ-ын дипломатын тоог 755-аар цөөлж, улсаасаа гаргах захирамж гаргасан юм.

ОХУ-ын эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ нь тус улсын саалийн үнээ болох газрын тосны салбарыг чиглэгджээ. Шинэ хориг нь Крым хойг Украинаас салж ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцэн АНУ болон Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээг илүү өргөтгөсөн байна. Барууныхны зүгээс ОХУ нь Украинд гал зогсоох зорилготой 2015 оны Минскийн хэлэлцээрийг бүрэн гүйцэт сахисан цагт Москвагийн эсрэг хоригоо цуцална хэмээн мэдэгдэж байв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол