“Төрөлх Алтай-Миний дуранд” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа
"Төрөлх-Алтай" ТББ-аас төрж, өссөн нутаг орон, аймгийнхаа ахуй, соёл, амьдрал, байгалийн дурсгалт газрын олон янзын өнгө төрх, хэв шинж, гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгах, хадгалан үлдээх, өвлүүлэх зорилгоор зохион байгуулсан “Төрөлх Алтай-Миний дуранд” гэрэл зургийн уралдааны дүн гарлаа. Уг гэрэл зургийн уралдаанд Говь-Алтай аймгийн 339 уран бүтээлч 1273 гэрэл зураг, бүтээлээрээ оролцсоноос Баян-Уул сумын оролцогч Г.Лхагвасүрэн “Аавын бараа” зургаараа тэргүүн байр эзэллээ. Байгалийн зураг төрөл /сонирхогч ангилал/ нэгдүгээр байрт "Бурхан буудай уул, Яргайтын гол" зургаар А.Мөнгөнхуяг, удаах байруудад "Өнгөлөг сутай, алсын бараа" зургаар Э.Алтантуяа, "Номин тэнгэрийн Солонгот үүл" зургаар Ц.Санчирхүү нар оржээ. Соёл, ахуй амьдралын төрөл /сонирхогч ангилал/ нэгдүгээр байрт "Хаврын найраг" зургаар Н.Нямдаш, хоёрдугаар байрт "Засагт ханы хүү" зургаар Т.Бямбадулам, гуравдугаар байрт "Сэвшээ салхитай говийн Сэргэлэн цовоо охин" зургаар Б.Даваасүрэн нар эзэлсэн байна.
Харин байгалийн зураг төрөл /мэргэжлийн ангилал/ нэгдүгээр байрт "Дэлхийд цор ганц аав хөшөө төрөлх Алтайд минь бий" зургаар Ё.Бат-Ирээдүй, хоёрдугаар байрт "Улаан жалгын эхэнд" зургаар А.Буян-Ундрах, гуравдугаар байрт "Цагаан хайрхан уул" зургаар Б.Сэнгэсамба шалгарчээ. Соёл, ахуй амьдралын зураг төрөл /мэргэжлийн ангилал/ нэгдүгээр байрт "Улсын начин аав хүү гурав. Д.Шоовдойхүү, Ш.Тогтохбаяр, Ш.Шинэбаяр" зургаар Н.Сүхбат, хоёрдугаар байрт "Хөдөөгийн сайхан" зургаар С.Бат-Эрдэнэ, гуравдугаар байрт "Адууны хийморь" зургаар Ш.Ооёо шалгарлаа хэмээн "Төрөлх-Алтай" ТББ –аас мэдээлэв. Түүнчлэн уралдааны шүүгчдийн шийдвэрээр ивээн тэтгэгчдийн шагнал болох Батламж, 50,000 төгрөгийн тусгай байрын шагналаар 45 оролцогчийг шагнахаар болжээ.