Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хөл хорио тогтоосон энэ үед эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шуурхай штабын 70484414 дугаарын утсанд ирсэн мэдээллийн дагуу аймгийн “Шинэ-Алтай” зах орчимд тус газрын улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хөдөлгөөнт эргүүл ажиллажээ. Шалгалтаар хөл хорионы дэглэмийг баримтлалгүйгээр явж байсан нийт 28 хүүхдийг саатуулан эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудыг дуудан хүлээлгэн өгч, хөл хорионы хатуу дэглэмийг мөрдөхийг сануулан заавар зөвлөгөө өгч ажилласан байна.
Иймд үр хүүхдээ хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрх, аюулгүй байдлыг нь хангах эрхэм үүргээ улам бүр нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээхгүй байх, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг холбогдох албадаас анхааруулав.