2016 оноос хойш ойгоор бүрхэгдсэн талбай нэмэгджээ
Хүний зохисгүй үйл ажиллагаа, хөнөөлт шавж, хууль бус мод бэлтгэл, түймрээс шалтгаалан 2016 он гэхэд манай орны газар нутагт ойн эзлэх талбай 1950 оныхоос бараг хоёр дахин буурсан. Гэсэн ч тодорхой зорилт тавин ажилласны үр дүнд 2016 оноос хойш ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байна. Тодруулбал, сүүлийн таван жилд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 0.2 хувиар нэмэгдэн, нийт газар нутгийн 8 хувьд хүрээд буй. Салбарын яамны зүгээс дараагийн гурван жилд буюу 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтуудыг тавьжээ.
Ойн хэмжээг нэмэгдүүлэх нь амар ажил биш хэдий ч найдлага төрүүлэх хэд хэдэн статистик үзүүлэлт бий. Тодруулбал, ойн доройтлын үндсэн шалтгаануудын нэг болох ойн түймрийн тоо буурахгүй байгаа ч өртөх талбай, хохирлын хэмжээг бууруулж чадсан. Энэ нь ойн салбарт ажиллаж хүмүүс болон иргэд түймрийг унтраах чиглэлд мэдлэг мэдээлэлтэй болж буйн илрэл юм.
Доройтолд нөлөөлдөг бас нэгэн хүчин зүйл бол хууль бус мод бэлтгэл бөгөөд мөн л буурч байгаа.
Хамгийн их найдлага төрүүлж буй статистик бол ойн өөрийнх нь нөхөн сэргэх чадвар юм. Түймэр, хортон шавж, мод бэлтгэлээс үүдэлтэйгээр доройтсон ойн 83.6 хувь нь байгалийн аясаараа ургаж байна. Хангай, Хөвсгөлийн бүсэд шинэс, Хэнтийн бүсэд хуш буюу тухайн бүс нутгийн экосистемд зохицсон модод нөхөн сэргэх чадвар өндөртэй байна.
Ойжуулах шаардлагатай бусад 17 орчим хувь нь 300 мянга орчим га талбайг эзэлж байна.
Мод тарих, ойжуулах ажлыг бүх нийтийн ажил хэрэг болгох нь…
Ойжуулах, мод тарих ажил зөвхөн Байгаль орчны яам, олон улсын байгууллагууд, ойн салбарынхны ажил биш, олон нийтийн оролцоо нэмэгдэхийн хэрээр үр дүнд хүрнэ.
Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд иргэд, ААН-үүд өнгөрсөн арван жилд нийт 13 сая гаруй мод тарьжээ. Ийнхүү жилд дунджаар 1.2 сая ширхэг мод тарьж буй нь иргэдэд мод тарих хүсэл байгааг бататгана.
Түймрийн улмаас учрах хохирол, хууль бус мод бэлтгэл буурч байгаа нь ойн сайн бүхий аймгийн оршин суугчид ойгоо хамгаалах чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй болж буйг илтгэж байна. Энэ чиглэлд буюу ойн сан бүхий аймгуудын оршин суугчид руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг олон улсын байгууллагуудаас хэрэгжүүлдэг.
Тухайлбал, ойн нөхөрлөлүүд, ойн ангиудыг дэмжих замаар биологийн олон янз байдлыг хамгаалж, ойн тогтвортой менежментийг бий болгох зорилготой БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-ын хамтарсан төсөл таван жилийн хугацаатай хэрэгжин 2020 онд өндөрлөсөн.
Хэнтий, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл төсөлд хамрагдсан юм. Эдгээр нөхөрлөлүүд таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх арван голын сав газар, Монгол Улсын нийт ойн долоон хувийг хариуцан хамгаалж байдаг.
Нэг байгаль хамгаалагчид
- Өндөр уулын бүсэд 100,000 га,
- Ойт хээрийн бүсэд 120,000 га,
- Тал хээрийн бүсэд 500,000 га,
- Цөлөрхөг хээрт 600,000 га,
Цөлийн бүсэд 800,000 га талбай ногдож байгаа өнөөгийн нөхцөлд төр дангаараа байгаль орчныг хамгаалах боломжгүй. Харин биологийн олон янз байдлын талаар мэдлэгтэй болсон, ан амьтны мониторинг судалгааг тогтмол хийж чадавхжсан нөхөрлөлүүд, иргэдийн дэмжлэгтэйгээр байгаль орчныг хамгаалах нь илүү үр дүнтэй.
2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 217 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 23.6 сая ширхэг тарьц, суулгацын нөөцтэй байгаагийн тодорхой хувийг ойн нөхөрлөлүүд бүрдүүлж байна.
Байгалиа хамгаалах хүсэлтэй иргэдэд хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх мэдлэг, мэдээллийг хүргэн ойжуулах ажлыг зөвхөн салбарын байгууллагуудын бус нийтийн анхааралд хүргэх нь улсын хэмжээнд зорьж буй үр дүндээ богино хугацаанд хүрэх боломжийг бий болгоно.
Ой бидэнд юу өгч байдаг вэ?
Дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзэлж ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог ойн санг түшиглэн биологийн олон янз байдлыг хамгаалах асуудал чухлаар тавигдаж буй. Хүний хөгжил, сайн сайхан аж төрөх нь байгалийн эрүүл системээс хамааралтай. Эрүүл байгальгүйгээр хүн төрөлхтөн сайн сайхан амьдрах боломжгүй гэдэг нь улам бүр батлагдсаар байгаа.
Ойн өгөөжийг мод бэлтгэл төдийхнөөр үнэлэх нь хангалтгүй бөгөөд "Мод цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хамгийн том зэвсэг" гэдгийг эрдэмтэд онцолж буй.
Швейцарын Их сургуулийн экологич Томас Кроувтер дэлхийд ойролцоогоор 1.2 их наяд орчим мод тарихуйц хангалттай талбай байгаа тул үүнийгээ ашиглан бид ийм хэмжээний мод тарьж чадвал ойрын 10 жилийн хугацаанд хангалттай их хүчилтөрөгч хадгалах багтаамжтай болж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах боломжтой хэмээх судалгааны үр дүнгээ танилцуулсан.
Эрдэмтдийн судалгааны үр дүнгүүдэд үндэслэн сүүлийн жилүүдэд дэлхий даяар мод тарих ажил эрчимтэй өрнөж байгаа билээ. НҮБ-ын гаргасан "Их наяд мод тарих" кампанит ажлын хүрээнд 2019 он гэхэд дэлхий даяар ойролцоогоор 15 тэрбум орчим мод тариад байв.
Түүнчлэн НҮБ-ын “Экологийн нөхөн сэргээх 2030” хөтөлбөрийн хүрээнд ойжуулалт, нөхөн сэргээлтийн чиглэлд БОАЖЯ нягт хамтран ажиллахаа илэрхийлээд байна.
Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага