60-аас дээш настай болон архаг хууч өвчтэй иргэдийг шинжилгээнд хамруулна
Өнөөдрөөс эхлэн Есөнбулаг сумын 60-аас дээш настай болон архаг хууч өвчтэй бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.
-"Есөнбулаг суманд 60-аас дээш настай 2700 орчим иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд халдварын тархалтыг богино хугацаанд хумих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр хоногийн дотор ахмад настнууд болон архаг хууч өвчтэй бүх иргэнийг шинжилгээнд хамруулна" хэмээн аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар мэдэгдлээ.
Говь-Алтай аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 21 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 54 боллоо. Эдгээр 54 тохиолдлоос 4 нь хүүхэд байгаа бөгөөд насны бүтцийг авч үзвэл 24-49 насных зонхилж байгаа тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Түүнчлэн батлагдсан тохиолдлуудын байршлаар нь ангилбал, аймгийн төв буюу Есөнбулаг сумын Индэрт багаас 1, Баянхайрханаас 4, Баяншандаас 5, Оргилоос 12, Түмэнгээс 2, Жинстээс 11, Жаргалантын 13 хүнээс халдвар илэрчээ. Мөн Тайшир сумаас 2, Хөхморьт сумаас 4 тохиолдол батлагдаад байгаа ажээ.
Шинээр батлагдаж байгаа тохиолдлууд бүгд голомтын ойрын хавьтлаас гарч байна. Сайн дураараа шинжилгээнд хамрагдсан нэг ч иргэнээс халдвар илрээгүй тухай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.