Хасагт хайрхан уулын дархан цаазат газар
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас орон нутгийнхаа байгаль, түүхийн дурсгалт болон улсын тусгай хамгаалалттай газруудыг олон нийтэд цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа Хасагт хайрхан уулын дархан цаазат газрын танилцуулгыг хүргэж байна.
Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га.
Хасагт Хайрхан бол Алтайн гол нуруунаас Шарга, Хүйсийн говиор тусгаарлагдан нилээд зайдуу оршихын дээр Хангайн уулархаг мужид арай ойр дөт боловч бас л Завхан голын уудам хөндий, Гүзээн- Тээлийн буурц хотгороор тусгаарлагдана. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ. Хасагт Хайрханы ноён оргил Хасагт Богд уул (3578 м), түүний залгаа Дунд Хасагт Хайрхан (3471 м), Зүүн Хасагт Хайрхан (3540 м) байхад Гурван Богдын нурууны Богд (3200 м), Дунд Богд (3522м), Зүүн Богд (3340 м) өндөртэй байна.
Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт Хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан ховор амьтад нутаглана. Монгол улсын улаан номонд орсон буга, суусар, аргаль, янгир, хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг. Иймч учраас дархлан хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга янгирын тоо өсөж байна.
Хөрс ургамалжилтын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Гол ноёлогуудын оройн хэсэг өндөр уулын бүслүүрт багтах ба энд хөвдөт, хөвд-хагт уулын царам, бушилз-улалжит нуга, өвс ургамал ховортой нураг асга ээлжлэн оршино. Ар хажуу дагуудаа нилээд ойтой. Тухайлбал Хасагтын нурууны арын Улиастай, Аяга, Шанага, Цорго, Дэвхрэг, Хавчиг, Хуст, Цэцэрлэг, Согоот, Ар Хорго голуудын эхэн, дунд биеэр шинэсэн ой, Тэмээн хүзүү, Цагаанчулуут, Шатын эх, Битүү, Хорго, Зүүн хойт Улиастай голуудын эхэн, дунд саваар хэсэг бүлэг шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Ойд үхрийн нүд, тошлог гэх мэт жимсний бутнаас гадна жамъянмядаг, сэржмядаг, шар, хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, дэгд, бамбай, сөд зэрэг цэцэгт ургамал, уулын хээрт агь, дааган сүүл, ерхөг, хиаг, хазаар өвс, нугын шимтэглэй, гишүүнэ, таван салаа, тарваган шийр, гичгэнэ зэрэг ургамалтай.