С.Дарамдад: Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 600 гаруй сая төгрөгийн засвар хийнэ
Говь-Алтай аймгийн халаалт дулааны 90 хувийг дангаараа хариуцдаг “Мандал Голомт” ХХК-ний Гүйцэтгэх захирал С.Дарамдадтай өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Халаалт, дулааны компаниуд урин дулааны улирал эхлэнгүүт ирэх өвлийн бэлтгэлээ базаадаг. Танай компанийн тухайд өвөлжилтийн бэлтгэл ажил, засвар үйлчилгээний ажлаа хэзээ эхлүүлэв?
-Манай “Мандал Голомт” ХХК 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны засвар үйлчилгээний хүрээнд нийт 45 ажлыг 600 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж бүтээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Одоогоор засвар үйлчилгээний ажил 60 орчим хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна. Төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажлуудаас томоохон нь гэвэл дулааны шугам сүлжээний тохируулга зүгшрүүлгийн ажил байна.
-Халаалтын зуухнуудад шинэчлэлт хийгдэх үү. Дулааны шугам сүлжээний тохируулга зүгшрүүлэг гэхээр тодорхой хэмжээнд шугам сүлжээнд шинэчлэл хийгдсэн гэсэн үг үү?
-Манай дулааны үйлдвэр SZL-7.0 мвт-ын усан халаалтын хоёр ширхэг тогоондоо бүрэн засвар хийж байна. Шугам сүлжээний хувьд тохируулга, инженерийн тооцооны төлөвлөгөөний дагуу шинэчлэлийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Засвар үйлчилгээгээ хугацаанд нь хийж дуусгахад та бүхний ажлыг хүндрүүлж буй хүчин зүйл юу байна?
-Өнгөрсөн оны 12 дугаар сараас Засгийн газрын шийдвэрээр бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр бүрэн хариуцахаар болсон. Үүнтэй холбоотойгоор яг одоогийн байдлаар Засгийн газраас орж ирэх халаалт дулааны төлбөр тооцоо л байна даа. Одоогийн байдлаар 400 гаруй сая төгрөг орж ирээгүй материал татан авалт удаашралтай байна.
-Тухайн 400 гаруй сая төгрөг орж ирээгүйн улмаас төлөвлөгөөт ажил графикийн дагуу явагдаж чадахгүй байна гэж ойлгож болох уу. Ер нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-ээс хойш нийт хэдэн төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна вэ?
-Тиймээ, ямар ч ажлыг хийхэд төсөв санхүү хэрэгтэй шүү дээ. Одоогоор компанийхаа нөөц бололцоонд тулгуурлан засвар үйлчилгээний ажлаа хийж байна.
Монгол Улсад ковид-19 цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай тогтоолын дагуу дулааны эрчим хүчний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэнээс хойших хугацаанд аж ахуй нэгж, айл өрхүүд нийт 466 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна.
-Жил бүрийн халаалтын улиралд халаалтаа бүрэн авч чадахгүй байна гэх гомдол ихээр ирдэг хороолол бол яах аргагүй "Хөгжил" хороолол байдаг. Тус хорооллын шугам сүлжээний засвар болоод шинэчлэлийн асуудлыг сум орон нутаг болон иргэдтэй зөвшилцөж чадсан уу?
-Уг нь төв шугамаас салбар шугам гаргаж түүнээсээ айл өрхүүд салаалж шугамаа авах ёстой байдаг. Гэтэл “Хөгжил” хорооллын тухайд инженерийн тооцоо судалгаа хийгдээгүй. Иргэд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө зөвлөмж авалгүйгээр төв магистрал шугамаас шууд авсан байдаг. Энэ нь тус хорооллын шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар, даралт унах нөхцөл болдог. Тус асуудал дээр аймаг орон нутгийн удирдлагуудтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн хорооллын 7, 8, 9, 10-р гудмыг “Солонго” дулааны станцад холбосон. Ер нь хөгжил хорооллын шугам сүлжээнд дахин инженерийн тооцоо судалгаа хийж шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүссэн албан бичгийг холбогдох газарт нь ч хүргүүлээд байна.
-Халуун дулаан өвөлжих нь дан ганц хангагч байгууллагаас шалтгаалдаггүй. Хэрэглэгчид юун дээр илүү анхаарах хэрэгтэй вэ. Мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгвөл?
-Тиймээ. Хэрэглэгчдэд очих ёстой градус даралт нь хэрэглэгчийн анхны худагт нь очих ёстой хэмжээгээрээ очдог хэдий ч тухайн хэрэглэгчийн байр болоод паар радиаторууд нь халдаггүй шалтгаантай айл өрх албан байгууллагууд байдаг. Энэ нь хэд хэдэн шалтгаанаас болдог. Нэгдүгээрт, дотоод шугам сүлжээ буруу хийгдсэнээс мөн тухайн барилгыг стандартын бус барьснаас үүдэж гадагшаа дулаанаа алддаг. Ер нь цонхоор багахан дулаан алдахад л тухайн өрөөний температурт маш их нөлөөлдөг. Тиймээс дулаан алдалтыг бууруулах арга хэмжээг авах нэн шаардлагатай. Түүнээс гадна паар радиаторыг зуны халаалт зогссон үед авч цэвэрлэж байх ёстой. Ядаж л 2-3 жилд нэг удаа цэвэрлэх шаардлагатай. Цэвэрлээгүйн улмаас паарны доод талд лаг шороо хуримтлагдан тал халахад хүрдэг. Энэ нь ч мөн дулаан муу байх шалтгаан болж байгаа юм. Халуун дулаан өвөлжихөд дулаанаар хангагч байгууллагын үйл ажиллагаанаас гадна ард иргэд үйлчлүүлэгчдийн үүрэг оролцоо их чухал. Эрчим хүчний тухай хуульд хангагч болоод хэрэглэгчийн эрх үүргийн талаар тодорхой заасан байдаг. Тодруулбал, хэрэглэгч өөрийн эзэмшлийн дулааны худаг шугам сүлжээ, дотор системийн бүрэн бүтэн байдал, угаалга цэвэрлэгээг халаалтын улирал дууссан зуны засварын улиралд тогтмол хийж байхаар заасан байдаг. Харин зарим хэрэглэгчид тус хууль дүрэмд заасан үүргээ огт биелүүлдэггүйгээс халаалтын чанар муудах, өвлийн оргил ачааллын үед гэр оронд ус алдах тохиолдол ихээр гардаг. Тиймээс урин дулааны улиралд үүргээ биелүүлж нөгөөтэйгүүр өөрсдийнхөө ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд засвар үйлчилгээгээ хийгээрэй гэж хэлмээр байна
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэрэглэгчдэдээ хандан та бүхэн өөрийн эзэмшлийн халаах хэрэгсэл, шугам хоолойндоо үзлэг шалгалт, засвар үйлчилгээгээ хийж бидэнтэй хамтран ажиллаарай.