Орон нутгийн залуучуудын цахим уулзалт болов
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын-100 жил” орон нутгийн залуучуудын цахим уулзалтыг зохион байгууллаа.
Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд зохион байгуулсан энэхүү цахим уулзалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр болон “Алтайн залуус” үйл ажиллагааны хэрэгжилт, Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүнг залуучууд, олон нийтэд сурталчлах, залууст тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолой, санал санаачилгыг сонсох, хэлэлцэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгууллаа хэмээн ГБХЗХГ-аас мэдээлэв.
Энэхүү цахим уулзалтад сум, сумын төлөөлөл нийт 230 гаруй залуус оролцсон бөгөөд уулзалтыг тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Отгончимэг нээж үг хэлсэн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн үеэр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Залуучуудын хөгжлийн төв, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, “Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа, залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар холбогдох албанаас танилцуулсан юм. Түүнчлэн уулзалтад оролцогчдод залуучуудын эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, залуусын хөдөлмөр эрхлэлт, тэднийг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төслийн талаар тодорхой мэдээллийг хүргэлээ.