Зорилтот бүлгийн залуу гэр бүлд гэр олгов
Монгол Улсад Залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы хүрээнд зорилтот бүлгийн залуу гэр бүлд өргөө цагаан гэр олгов.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагууд болох Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран зорилтот бүлгийн, олон хүүхэдтэй, сайхан амьдрах чин хүсэл эрмэлзэлтэй нэг гэр бүлд шалтай, давхар бүрээстэй 5 ханатай гэр олгох “Аз жаргалтай гэр бүл” хандивын аяныг зохион байгуулсан билээ.
Энэхүү хандивын аяны өргөө гэрийг Есөнбулаг сумын Баянхайрхан багийн оршин суугч Т.Батчөдөрийн гэр бүлийг сонгон, есдүгээр сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон холбогдох байгууллагуудын удирдлагууд хүлээлгэн өгч, цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Залуу гэр бүлд бодит дэмжлэг үзүүлснээр залуусын ажил хөдөлмөр эрхлэх, сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үр хүүхдүүд нь сурч хүмүүжих орчин сайжирч, халуун дулаан, аз жаргалтай амьдрах нөхцөл бүрдэх юм.