НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна
НҮБ-ийн Хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрийн төлөөлөгчид Есөнбулаг суманд ажиллаж байна.
Ажлын хэсэгт НҮБ-ийн Хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн мэргэжилтэн С.Алтанцэцэг, Б.Хишигжаргал, зөвлөх Булган болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, “Пипл ин нийд” ОУБ, ШУТИС-ийн төлөөллүүд багтжээ. Тэд Есөнбулаг сумын удирдлагууд, холбогдох албан тушаалтан болон үйлдвэрлэгчидтэй монгол гэрийн халаалт дулаалгын шийдэл төслийн үр дүн, ногоон зээл болон шошгожуулалтыг нэвтрүүлэх талаар уулзалт хийлээ. Түүнчлэн Есөнбулаг сумын цэцэрлэгийн удирдлагуудад орчны доторх агаарын чанарыг хэмжих, сайжруулах аргазүйн сургалтыг зохион байгуулж, дотор агаарын чанар болон чиг хэмжигч багажаар хангахаар боллоо. Мөн Монгол гэрийн халаалт дулаалгын шийдэл төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулж, мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн хүрээнд ШУТИС-тай хамтран гэрт амьдардаг айл өрхүүдэд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй Монгол гэрийн халаалт, дулаалгын чип/CHIP багцыг зохион бүтээж, 2019 оны өвлөөс эхлэн Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгийн төв, нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт нэвтрүүлжээ. Уг төсөл нь Говь-Алтай аймагт 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд чип багц нь өрх бүрт дулаан, тав тухай орчныг бүрдүүлж, хүүхэд бүрт эрүүл, боловсон, хог, тоосжилт, тортог багатай, тав тухай орчинд өсч, хөгжих боломжийг олгож байгаа билээ.