Нас баралт нэмэгджээ
Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 266 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 32 тохиолдлоор нэмэгдсэн байна.
Тэдгээрийн 59,8 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд нийт нас барсан хүний 69 буюу 25.9 хувийг хорт хавдрын, 43 буюу 16.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна хэмээн Говь-Алтай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
2021 оны эхний 10 сарын байдлаар нийт 227 043 үзлэг хийснээс:
-40.8 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг,
-43.2 хувь нь өвчний учир амбулаторид,
-6.1 хувь нь идэвхтэй хяналт,
-7.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг,
-2.1 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлжээ.
Мөн хугацаанд 9477 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1947 буюу 20.5 хувь алсын дуудлага, 214 буюу 2.3 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байгаа аж. Харин халдварт өвчин аймгийн хэмжээнд 12 төрлийн 11575 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11330-аар нэмэгджээ. Үүний 11455 буюу 99.0 хувийг коронавирусний халдвар эзэлж байгаа юм. Халдварт өвчний улмаас нас барсан 12 тохиолдол бүртгэгдсэн нь 100 хувь коронавирусний халдварын шалтгаантай байна хэмээн ЭМГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсээс танилцуулав.