Залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэж байна
Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар БЗХӨ болох тэмбүү өвчний 32 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна. Харин заг хүйтний халдвар 2019 оны нэгдүгээр улиралд 20 бүртгэгдэж байсан бол 2020 он гарсаар 15 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны эхний гурван сарын байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 831 иргэн хамрагдсан бол цэрэг татлагын үзлэгээр 767 залуус үзлэгт хамрагдсан байна.
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2019 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Нүүдлийн амбулатори” үзлэгийг өмнөх онд төвийн болон сумдын нийт хүн амын дунд явуулсан байна. Харин энэ оны тухайд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх явуулын үзлэг хийгээгүй ажээ.
Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдвар ерөнхийдөө ихэсч байгаа. Бэлгийн замаар дамжих халдвар ихсээд байгаа нь залуус олон бэлгийн хавьтагчтай байгааг илтгэж байгаа юм. Насны хувьд 24-39 насны залуу үеийнхэн байна хэмээн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ, ДОХ-ын эмч П.Булгамаа мэдээллээ.
Э.Нарангэрэл