📅

20 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛСАН БАГШ Б.ТҮВДЭНДОРЖ: Боловсролын салбарт 20 гаруй жил зүтгэсний минь хариу ирлээ. Шагналынхаа мөнгөөр машин авна

🕔 2022/10/05 17:55

20 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНУУЛСАН БАГШ Б.ТҮВДЭНДОРЖ: Боловсролын салбарт 20 гаруй жил зүтгэсний минь хариу ирлээ. Шагналынхаа мөнгөөр машин авна

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийнхаа шилдэг гурван багшийг 20 сая төгрөгөөр шагнажээ. Үндсэндээ тус сумын Засаг даргын Тамгын газраас багш нарын баяртай холбоотойгоор 300 орчим сая төгрөгийг багш нараа урамшуулахад зарцуулсан байна. Бид 20 сая төгрөгөөр шагнуулсан  тус аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн Түүх, нийгмийн багш Б.Түвдэндоржтой холбогдож, ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны өмнө танд багш нарын баярын мэнд хүргэе. Баяраараа аймгийн Засаг даргын Тамгын газраас 20 сая төгрөгийн шагнал хүртлээ. Хэчнээн жил багшаар ажиллаж байна вэ?

     -Баярлалаа. Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуульд түүх, нийгмийн багшаар ажиллаад 24 жил болж байна. Хорь гаруй жил боловсролын салбарт ажиллахдаа ийм өндөр шагнал хүртэнэ гэж бодож байгаагүй. Үнэхээр их баярлаж байна. Хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж, шавь нарын минь гаргасан амжилтыг дэмжсэн аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын баярлалаа. Улам амжилт гаргах урам зориг, хүч, итгэл өглөө.

-Шагнал авна гэж мэдсэн байв уу, та. Эсвэл гэнэтийн зүйл болов уу?

     -Ёстой “шок” гэдэг шиг л юм боллоо. Багш нарын баяр болохоор багш нарыг шагнаж л байдаг. Гэхдээ ийм өндөр урамшуулал олгоно гэж бодоогүй.  Нэрийг минь дуудсан чинь итгэж өгөхгүй байсан шүү. Гайхах, баярлах зэрэгцсэн зүйл боллоо. Надаас гадна мөн хоёр багш 20 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан гурван хүүхдийн эхний жилийн сургалтын төлбөрийг төлөх эрхээр шагнасан. Мөн 600-гаас дээш оноо авсан хүүхдүүдэд мөнгөн шагнал олгосон. Нэг сурагч нь Түүх, нийгмийн чиглэлээр 800 оноо авсан байгаа.

-Таны бэлтгэсэн сурагч 800 оноо авсан юм байна. Засаг даргын Тамгын газраас тодорхой шалгуур тавьсан хөтөлбөр явуулсан уу?

      -Тийм ээ, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан "Боловсролын чанарыг сайжруулах хөтөлбөр"-ийн хүрээнд улсын уралдаан тэмцээн, олимпиадад өөрийгөө болон сурагчдаа бэлтгэсэн багш нарыгаа урамшуулсан байгаа. Энэ хүрээнд багшийг хамгийн дээд талдаа 20 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан.

-Танайд таниас өөр багш мэргэжилтэй хүн бий юү?

        -Манайхан удмаараа боловсролын салбарт ажилласан. Аав минь эдийн засгийн чиглэлээр багшилж байсан. Эгч маань орос хэл, дүү минь физикийн багш. Эхнэр маань бага ангийн багш. Авга ах маань “Онон” дээд сургууьд багшилдаг Монгол Улсын гавьяат багш хүн байгаа. Цөм л аймаг, орон нутаг, нийслэл гээд боловсролын салбарт ажиллаж байна даа.

-Ам бүл хэдүүлээ вэ. Эхнэр нь бага ангийн багш гэлээ. Мэргэжил нэгтэй байхаар зовлон, жаргалыг нь ойлгоод амар байдаг болов уу?

     -Тэгэлгүй яах вэ. Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэдэг үнэн. Эхнэр маань мөн Говь-Алтай аймгийн лаборатори нэгдүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Манай сургуулийн бага боловсрол үнэхээр сайн ажиллаж байгаа. Эхнэртээ мөн надад тусалж, дэмждэг баярлалаа гэж хэлье. Дөрвөн хүүхэдтэйгээ ам бүл зургуулаа амьдардаг.

-20 сая төгрөгөө авсан уу. Нууц биш бол та мөнгөө юунд зарцуулах бодолтой байна вэ?

       -Мөнгө маань дансанд байршсан байгаа. Одоогоор бодсон зүйл байхгүй л байна. Гэхдээ машин авч унана гэсэн төлөвлөгөө бий. Үнэхээр сайхан байна аа. Энэ олон жил боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь хариу ирлээ. Шавь нартаа баярлалаа. Шагнаж урамшуулсан аймгийн Засаг даргын Тамгын хамт олондоо баярлалаа. Хамгийн гол нь энэ бол бусад аймагт үлгэр дуурайлал үзүүлэхээр үйл явдал боллоо. Багшийн хөдөлмөрийг өндөрт үнэлсэн том жишиг боллоо.

  - Та хамт олондоо  болон мэргэжил нэгт багш нартаа баярын мэнд дэвшүүлэх үү?

        -Баярлалаа, Говь-Алтай аймгийнхаа нийт багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчдэдээ дэлхийн багш нарын 28 дахь өдөр, Монголын багш нарын 56 дахь удаагийн баярын мэнд дэвшүүлье.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол