ЗУЛАЙ ЦАГААН АЛТАЙН ЗУУН НАСТАЙ БУРХАД МИНЬ
Намайг наана, цааныг гадарлахтай болох үед манай аймагт хамгийн олны танил хүн нь Д.Сурьяа гуай байлаа. Хүмүүс Сурьяа гуайн тухай үлгэр, домог шиг зүйл ярьцгаана. Барааг нь 1966 оны намар харсан санагдана. "Зохиолч Д.Сурьяа гэдэг хүн чинь энэ хүн шүү дээ” гэж савхин дээлтэй, дунд зэргийн нуруутай, буурал сортой хүнийг аймгийн номын сангийн эгч нар зааж өгсөн санагдана. Зохиолч гэхээр нэг л ер бусын ухаантай, хүн хүнээс ангид, ондоо хүн байх юм шиг санадаг байж дээ. Бид сумын сургуулийн дөрөвдүгээр анги төгсөхдөө "Үл мэдэх ба түүний нөхөд”-өөс эхлээд "Монте Кристо гүн”, "Улааныхан ба харынхан”, "Морь унасан толгойгүй хүн”, "Цагаан бээлий”, "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, Парисын дарь эхийн сүм” гэхчлэн номын санд байсан бүх номыг уншиж дуусгасан юмдаг. Суманд монгол зохиолчдын ном ховор байсан санагдана. Харин аймгийн номын сан их өөр. Хоёр давхар цагаан байшин дүүрэн ном. Ёстой л уншиж гарсан даа.
Ч.Лодойдамба гуайн "Алтайд” роман, "Манай сургуулийнхан” тууж, "Малгайгүй чоно” өгүүллэг, Л.Түдэв гуайн "Сайн байна уу, багачуудаа”-аас эхлээд "Уулын үер”,”Нүүдэл” гээд жил гаруйн хугацаанд бараг ихэнх номыг нь уншсан байх. Номын сангийнхан их уншдаг хүүхдүүдэд маш дуртай. Зүйл бүрээр хөхиүлэн дэмжинэ. "Д.Нацагдорж” тэмдэг хараахан гараагүй байсан үе. Номын сангийн доод давхарт байх гэрэл зургийн газарт зургийг маань авахуулаад "Тэргүүний уншигч, сурагч В.Алзахгүй” гэсэн тайлбартай самбарт хадсаныг харах нэг л сайхан. "Аав, ээждээ үзүүлэх юмсан, олон хүн хараасай” гэж бодогддогсон. Сурьяа гуай номын сангаар байнга орж, гарна. Одоо бодоход ном их авч уншдаг байсан байх. Сурьяа гуай их олон алдар, гуншинтай. Ихэнх хүмүүс " Сурьяа дарга” гэнэ. Сургуулийн захирал, багш нараас эхлээд нилээд хүмүүс "Сурьяа багш” гэнэ. Тэр үед Д.Сурьяа гуай аймгийн төвийн хойт толгой дээр байх Түмэн сум-нэгдлийн даргаар ажиллаж байсан юм билээ.
Түмэн сум татан буугдсаны дараа шинээр байгуулагдсан Анагаах ухааны дунд сургуульд хэсэг хугацаанд багшилж, энэ үед аймгийн утга зохиолын дугуйланг хариуцан хичээллүүлсэн. Дараахан нь Гуулингийн ус, сувгийн барилга угсралтын конторын даргаар нилээд олон жил ажилласан. Сурьяа гуайтай ярилцах маш сайхан. Ном уншиж байгаа, эсвэл өнгөт кино үзэж байгаа юм шиг. "За, хүүхээ...” гээд эхлэнэ шүү дээ. Хантайширын нуруу, Адуун чулууны голоор нутагтай малчин ард Дэгээхүүгийнх зургаан хүү, зургаан охинтой өнөр өтгөн айл байжээ. Дэгээхүү гуай ном бичиг үсэгтэй, чамгүй уншдаг, нутаг голынхон үг, сургаалыг нь сонсдог, айлын хоймор, найрын эхэнд суудалтай, мал хөрөнгөтэй, сайхан хүн байсан юм гэдэг. Ууган хүү Балбар нутаг усандаа өвгөд, дээдсийн гал голомтыг манаж, өрх өсгөн сум сунгажээ. Дэгээхүү гуай ихэр хоёр хүү Сурьяа, Адьяа нараа Арын хүрээнд байгуулагдсан ардын тэнхимд суулгажээ. "Хоорондоо салдаггүй хоёр жаахан банди минь шинэ цагийн эрдэм ном сураг гэж аав маань бодсон юм билээ” гэж ярихаараа сэтгэл нь илт хөдлөн уярч, догдолж байгаа нь мэдрэгддэгсэн. Хоёр ихэр нийслэл хотод суралцан хамтдаа Багшийн сургууль төгсчээ. Энэ үеэс уран зохиолтой холбогдсоноо, Дашдоржийн Нацагдоржийг ойрхноос харж, тамхи, эн тэрд гүйж байснаа үлгэр шиг л ярина. "Нацагдорж намхавтар нуруутай, цагаан бурхан өвчнөөс тогтсон өв тов нөсөөтэй, ихэвчлэн европ хувцас өмсдөг, дуу цөөтэй хүн байсан” гэхчлэн их тод дүрсэлж ярина.
-Манай дүү Адьяа надаас илүү сурдаг байсан. Багшийн сургууль төгсөөд Дундговь аймагт шинэ сургууль байгуулах томилолт аваад явсан юм. Хэдэн жил ажиллаж байгаад аймагтаа сургуулийн захирлаар ирж ажилласан. Нутаг орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж их ярьдаг байсан. 29-хөн насандаа хорвоог орхисонд нь харамсаад бардаггүй. Мөн ч их зүйл хийж, бүтээх хүн байсандаа гэж ярьж билээ.
Намайг ЗХУ-д их сургууль дүүргэж ирээд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн үеэс бид илүү ойр дотно, бараг сар бүхэн уулзаж ярилцдаг байлаа. Гэр ойрхон, Сурьяа гуай насны тэтгэвэрт гарсан, ихэнх хугацааг гэртээ зохиол бичиж, эртний уран зохиолын судалгаа хийж, бичиг цаасан дунд өнгөрөөдөг байв.
Эх оронд багш хэрэгтэй үед нь багш болж, эх орны дайны жилүүдэд байлдааны онгоцны нисэгчийн мэргэжил эзэмшин дайн тулаанд орж, дахиад тайван цаг эхлэхэд үргэлжлүүлэн сурч дээд боловсролтой болоод сургууль, улмаар аймгийн боловсролын байгууллагыг удирдсан байдаг. Орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялахад намын уриалгаар сум-нэгдлийн даргаар ажиллаж, аймагт ус, сувгийн барилга угсралтын контор байгуулагдахад анхны даргаар нь ажиллаж Алтайдаа инженерийн хийцтэй услалтын арав гаруй системийг удирдан бариулсан гээд хөгшний намтар үнэхээр сонирхолтой, домог шиг. Хамгийн товчоор хэлэхэд шинэ бүхний эхэнд явсан хүн.
Дайны дараа Багшийн институт төгсөөд Говь-Алтай аймагтаа гэгээрлийн хэлтсийн даргаар томилогдон явжээ. Ан-2 онгоц Өвөрхангай аймагт бууж цэнэглэсэн юм биз дээ. Гэтэл хоёр нисэгч нь Сурьяа гуайн шавь байж таарчээ. "Багш та одоо энгийн ажилд шилжиж байгаа юм чинь онгоц баримаар байвал бариач” гэж урьжээ. Сурьяа гуай нэгдүгээр нисэгчийн суудалд суугаад нисчээ. Гэнэт шанаанд нь хүйтэн юм хүрэхэд эргээд хартал нэг нөхөр буу тулгачихсан "Чи яагаад онгоц барьж байгаа юм бэ” гэж асуусан гэдэг. Аюулаас хамгаалахын хүн нисч явж таарчээ. Азаар нисэгчийн мэргэжлийн үнэмлэх халаасанд нь байж.
-Бас эвгүй байсан шүү. Гэхдээ аймагтаа томилогдож ирэхдээ онгоцоо өөрөө барьж ирэх ховор сонин тохиолдол таарсан юм гээд сайхан инээдэгсэн.
Сурьяа гуай Монголын уран зохиолын түүхийн амьд сурах бичиг байв. Д.Нацагдорж, С.Буяннэмэхээс эхлээд ихэнх зохиолчтой уулзаж, учирч, зохиол бүтээлийг нь сонсож, үерхэж, нөхөрлөж явснаа ярина. Ихэр бид хоёр октябрийн хувьсгалаас нэг дүү, харин Лодой хувьсгалтай чацуу, надаас нэг ах гэхчлэн мартагдахын аргагүй жишээ татаж ярина. 1982 оны зун манай байшингийн гадаа ярилцаж суугаад "Танай цагаан байшингийн хананд "Зохиолч Д.Сурьяа энд амьдарч байв” гэсэн хаяг хадаж таарна даа гэж намайг хэлэхэд сүрхий инээснээ "Монголын зохиолчдын ихэнх нь малчны хотонд төрсөн. Төрсөн гэрийн буурин дээр нь дурсгалын самбар, хаяг босговол байшингаас ч илүү сонин, сайхан болох юм биш үү. Би гэхэд Лодойгийн төрсөн намаржааг мэднэ. Энүүхэн хойно Сүхийн хоолойн цаад энгэрт Янчилын ам гэдэг газар байгаа гэж билээ. М.Цэдэндорж Уст Чацрангийн голд, Л.Түдэв Хантайширын нурууны өвөр бэлийн "Өвөр замын бууц” гэдэг өвөлжөөнд, доктор С.Галсан Хантайширын Зуслангийн салааны эхэнд төрсөн гэхчлэн таньдаг, мэддэг хүмүүсийнхээ төрсөн нутаг, усны талаар өдөржингөө ярилцав. Маргааш нь Д.Сурьяа гуай, зураач Д.Мөнх ах хоёрыг аваад Янчилын аманд очив. Намрын налгар өдөр. Айлууд намаржаалаагүй, тэр жил сайхан зун болсныг хэлэх үү, үнэхээр энэ сайхан дэлгэр, налгар намаржаанд тийм сайхан хүн төрөхөөс яах вэ гэж уулга алдам байсансан. Д.Сурьяа гуай Лодойдамба гуайн тухай төгсгөлгүй хуучаа хөөрч, гурвуулаа ээжийн нь аарц шахдаг байсан гурван чулууг олж давхарлан тавив.
-Манай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Лхагвасүрэн, Лодой бид гурав хамт ирсэн юм. Би тэгэхэд Түмэн сум-нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Д.Лхагвасүрэн дарга манай аймгийн дараа Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, улмаар Улсын иргэний хамгаалалтын газрын орлогч даргаар ажиллаж, хошууч генерал цол хүртсэн угаасаа цэргийн хүн. Лодой бага нас, аав, ээжээ дурсан миний мэдэхгүй зөндөө олон зүйлийг ярьж өгч билээ. Цогт, Цогтын Чадраабал гээд би ч бас 4-5 үеэр нь гадарлана. Ер нь бичиг номтой, нутаг усандаа их нэртэй хүмүүс байсан юм. Засагт хантай тэрсэлдээд нутаг сэлгэсэн гэж ярьцгаадаг. Харин Лодой Дамбийжаагаас хулжиж баруун тийшээ нүүсэн гэж ярьж өгсөн гэхчлэн зөндөө удаан хууч хөөрөлдсөн. Тэд жаахан дээшээ өгсөн Билчэрт нутаглаж байсан нэг айлд очжээ. Тэдний баруун орон дээр хэвтэж байсан бие муутай эмгэн Лодой гуайг таниад, "Чи Чадраабалын зээ Лодой хүү юу, чамайг төрөхөд манай хоёр энэ доод Янчилын аманд айл байсан юм” гэж ярьж бүр ч баталж өгсөн гэж билээ. Чухам яагаад зээ гэснийг хэн нь тодруулаагүй, залруулаагүй гэсэн. Настай хүн болохоор мартаж, санасан биз дээ. Ингэж бид Янчилын амыг тодруулж, гэрийн буурийг нь тэмдэглээд урд талын элгэн хүрэн хадан дээр "Энд Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамба төрсөн” гэсэн хаяг хийхээр болсон. Удалгүй зураач Д.Мөнх гуай зэсэн дээр цохиж хаягаа бэлэн болгосон. Аль болох хүн, амьтны хөлөөс ангид, оршуулгын газрын хөшөө дурсгалаас өөр, айл амьтан нутаглахад саадгүй, байшингийн ханан дээр байгаа юм шиг хийсэн юм. Бас хэдэн төгрөгийн зардал гарсныг нь аймгийн ХЗЭ-ийн хороо хариуцаж байлаа. Лодойдамба гуайг 1967 онд ирсэн гэж Сурьяа гуай бичсэнийг уншсан. Д.Лхагвасүрэн дарга манай аймагт 1960-1964 онд ажилласан болохоор эдгээр он жилүүдийн аль нэгэнд ирсэн байх учиртай.
Дурсгалын хаягаа 1983 оны намар, манай аймагт Монголын утга зохиолын өдрүүд болох үеэр албан ёсоор нээсэн. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, МАХН-ын Төв Хорооны соёлын тасгийн эрхлэгч, зохиолч Т.Баасансүрэн тэргүүтэй, төрийн шагналт зохиолч С.Удвал, С.Эрдэнэ гээд гадаад, дотоодын маш өргөн бүрэлдэхүүн Янчилын аманд морилон ирж, Лодой гуайд хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээж өргөж, шүлэг зохиолоо уншицгаасан юм. Тоомойн Очирхүү, Д.Урианхай идэр сайхан, Ж.Бямбаа ид дундын насандаа, домогт баатар ван Наваан-Юндэн гуай "Баян Монголын хонь ямаан сүргээ... ” уншиж явсан үе. Зохиолчийн гэрийн буурин дээр 5 минутын шүлгийн уралдаан зохиож шалгаруулахад Т.Баасансүрэн Их Алтайн тухай дөрвөн мөрт шүлгээрээ шалгарч байлаа. Зохиолчийн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэхэд цоо шинэ ажил санаачлан хийснийг МЗЭ өндрөөр үнэлэн надад жич баяр хүргэж байв. Тэд хотод очоод хэлсэн бололтой, Л.Түдэв дарга өөрөө утасдан баяр хүргэж, цаашид ч энэ ажлыг үргэлжлүүлэн хийхийг зөвлөж, урам хайрласан билээ. Энэ үеэс Янчилын ам олны танил, их хөлийн газар болсон. Хүнхэр зуслан явдаг замд ойрхон болохоор тийшээ явж байгаа хүмүүс ихэвчлэн дайрдаг юм билээ.
1992 онд Ч.Лодойдамба гуайн 75 насны ойг аймагтаа ёслон тэмдэглэсэн. Би аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байв. 1991 онд Улаанбаатар хотод Т.Очирхүү ах, Бажуудайн Ганбат ах, Т.Баасансүрэн бид хэд ярилцаж байгаад Ч.Лодойдамба гуайн нэрэмжит шагнал буй болгохоор тохиролцон, аймагтаа очиж танилцуулахыг надад хариуцуулсан юм. Аймгийн засаг дарга Л.Лантуу гуайд танилцуулан тухайн үеийн удирдлагууд Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал буй болгохоор шийдвэрлэж, Очирхүү ах, бид хоёрын боловсруулсан журмыг баталсан. Шагналыг Алтай нутгаа алдаршуулан шилдэг бүтээл туурвисан аймгийнхаа зохиолч, уран бүтээлчдэд болон Ч.Лодойдамбын уран бүтээлээр туурвисан жүжиг, кинонд шилдэг дүр бүтээсэн жүжигчид, найруулагчид, Алтайн зохиолчдын бүтээлийг орчуулсан орчуулагчид гээд нилээд өргөн хүрээг хамран жилд нэг хүнд олгож байхаар журамд тусгасан юм. Утга зохиол, соёл урлагийн энэ шагналыг Засгийн газрын эсвэл Парламентын шагнал болгох юмсан гэж бодож явдгаа энэ ялдамд дурдья. Аймаг мөнгө муутай, хувийн хэвшлийнхэн ивээн тэтгэх хэмжээнд хүрээгүй байсан боловч шагналын хэмжээг тухайн үед чамгүй өндөр тогтоосон. "Тэмдгийг нь цэвэр мөнгөөр урлаж, зохиолчийн дүрийг алтаар шарах нь зөв. Д.Нацагдоржийн шагналын тэмдгийг бас ямар материалаар хийдгийг судлаарай. Түүнээс дутуу хийж болохгүй” гэж манай Л.Лантуу гуай зөвлөж, холбогдох хүмүүстээ үүрэг өгсөн. Аргагүй өндөр албан тушаал олон жил хашсан хүний зангараг гаргасан. Л.Лантуу гуай асуудлыг түргэн шийддэг, их цагаахан, нээлттэй сайхан хүн юм шүү дээ. Үндэсний бахархал сэргэж байсан үед юун төлөө хамгийн олон зохиолчидтой аймаг гэгддэг билээ, юун төлөө Ч.Лодойдамба, Л.Түдэв, М.Цэдэндоржийг төрүүлсэн аймаг, ард түмэн билээ гэсэн нэгэн аархал хэн хүний сэтгэлд байсан юм аа.
1992 оны намар Ч.Лодойдамба гуайн ойг тэмдэглэхээр Д.Маам тэргүүлэн Б.Ганбат ах, ардын жүжигчин А.Очирбат гуай, ардын жүжигчин Ч.Долгорсүрэн Догоо охин Насанбуян, Насанбат нарынхаа хамт Алтай нутагт хүрэлцэн ирсэн. Бид ярилцаад Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг анх удаа зохиолч, шүүмжлэгч Б.Ганбат, ахмад зохиолч Д.Сурьяа, ардын жүжигчин А.Очирбат нарт олгохоор тогтсон юм. "Алтай” чуулгад болсон баярын хурал дээр шагналыг гардуулсан. Энэ арга хэмжээг би хөтөлж, "Бүсгүй хүн айлын бэр болох хувьтай байдаг бол манай Долгорсүрэн гуайд аймгийн бэр байх их хувь заяа ноогдсон юм” гэж сэтгэл догдлон хэлсэн. Энэ үеэс Догоог маань Алтайнхан "Аймгийн бэр” хэмээн хүндэтгэдэг, нэрлэдэг болсон юм. Ганбат ах, Очирхүү ах бид Долгорсүрэн гуайгаа Догоо гэж, Догоо гуайг дуурайн Лодойдамба гуайгаа "Лодой Агаа” гэж нэрлээд заншчихсан байсан юм. Энэ нь Ч.Долгорсүрэн гуай дандаа "Манай Лодой, Лодой Агаа нь” гэж бидэнд их өөриймсөг ярьдаг байснаас үүдэлтэй. Түүнээс би байтугай Ганбат ах ч Лодой Агааг ойроос хараагүй, уулзаж байгаагүй юм билээ. Зохиолч Т.Баасансүрэн Польшид элчин сайд байхдаа Б.Ганбат ахад бичсэн захидалдаа " Засагт ханы удмын хөх эрчүүд – Говь-Алтайнхан Ч.Лодойдамбын нэрэмжит анхны шагналыг чухамхүү нүдийг нь олж, чамд хүртээсэн гэлтэй. Ийм ухаалаг шийдвэрийг тухайн үед гаргахад утга зохиолд хайртай, түүнийг ойлгодог хүмүүсийн нэг болох Вандангийн Алзахгүй гэдэг бэрх эр чухал үүрэг гүйцэтгэснийг бас дурсч явах учиртай шүү. Энэ бол их үнэлэлтийн эхлэл байлаа. Удалгүй Засгийн газар чиний эл бүтээлийг өндрөөр үнэлж, Д.Нацагдоржийн нэрэмжит утга зохиолын дээд шагналыг хайрлаж билээ” гэж бичжээ.
Ч.Лодойдамбын нэрэмжит шагналаар одоо 24 хүн шагнагдаад байгаа юм байна. "Тунгалаг Тамир”-ын Итгэлт, Эрдэнэ, Цахиур Төмөр, сайхан Дулмаа, "Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэн нарын дүрийг амилуулсан жүжигчдэд энэ шагналыг хүртээжээ. Орчуулагч Л.Лхагвадулам, зураач Д.Мөнх, П.Цогзол нар энэ шагналын эзэд. Энэ удаагийн арга хэмжээнд Тамирын голын сайхан Дулмаа буюу гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал гуай охин Бужгарын Гантигмаагийнхаа хамт оролцов. Гантигаа Лодой гуайн "Гарын таван хуруу” кинонд Хорлоогийн хэрсүү охины дүрд тоглосон. Аавынхаа зангиаг Шагдараас тайлж аваад үнэрлэж байгаа нь мөн ч олон хүнийг уйлуулсан даа. Лодой гуайн энэ кино олон хүнийг уйлуулсан бол "Энэ хүүхнүүд үү” нь мөн төдий хэмжээний хүмүүсийг инээлгэсэн байх аа.
Д.Сурьяа гуай ганц насаар дүү, нэг сум, нутаг хошууны хүн болохоор Лодой гуайг маш сайн мэддэг байсан.
- Их түрүүлж, түүчээлж явсан хүн. Хамгийн гол нь нутагтаа их хайртай. Анхны романаа "Алтайд” гэж нэрлэсэн. "Тунгалаг Тамир”-ын хамгийн сайн, сайхан, гол дүрүүд нь Засагт ханыхан. Аймагтаа мэргэжлийн ардын дуу бүжгийн чуулга байгуулж, Алтайгаар нэрлэсэн. Их багадаа нутгаасаа гарсан боловч Алтай нутаг уран бүтээлийн нь онгодын оргил байлаа. Лодой М.Цэдэндоржтой нутгийн дүү гэж их ойрхон байсан. "Энэ хүүхнүүд үү” киноныхоо дууны шүлгийг М.Цэдэндоржоор бичүүлсэн байдаг. Тэр дуу "Нүдний өмнө цэлийсэн Шаргын уудам говь” гэж эхэлдэг биз дээ. Түдэв тэр хоёр бол маш нарийн, олон шижмээр холбогдсон хүмүүс гэж ярьдагсан. Үнэхээр тийм бөлгөө. 1966 онд аймгийн соёл урлагийн өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэхэд уран зохиол оролддог З.Гүнсэн, Ч.Онгоодой, Ч.Бямбажав гэдэг гурван залууг жүжгийн зохиол бичүүлэхээр Лодой гуай руу явуулжээ. Лодой гуай гурван залууг өрөөндөө суулгаж байгаад "Хүний бодол өөр болжээ” жүжгийг бичүүлсэн нь театрын тайзнаа олон жил тоглогдсон. "Зулай цагаан Алтай” дуугаар алдаршсан З.Гүнсэн, профессор Ч.Онгоодой, хожим нь аймгийн сонины эрхлэгчээр олон жил ажилласан Ч.Бямбажав ах нар ч нэртэй зохиолч, сэтгүүлчид болсон.
Саяхан бид Алтайдаа очиж, Лодой гуайнхаа 100 жилийн ойг тэмдэглээд ирлээ. Нутагт олигтой зун болоогүй боловч аймгийн удирдлагууд маш сайхан бэлтгэсэн байлаа. Морь барианыхаа газарт бэсрэг наадам хийж, зургаан насны морьд уралдуулж, 64 бөх барилдав. Наадмын энэ талбайд Лодой гуайн музейг гэрт байгуулсан нь ихээхэн билэг дэмбэрэлтэй санагдсан. Лодой гуайнхаар олон хүмүүс зочилж, идээ будаа амсаж хүндэтгэл үзүүлж байв. Охин Л.Насанбат эгчийнхээ төгөөлдөр хуурыг тоглож, аавдаа зориулан бүтээсэн "Хан тэнгэр аав минь” дуугаа сонордуулав.
Янчилын аманд яруу найргийн баяр боллоо. Сайн шүлэгтэй залуучууд өсч байгаа юм байна. Нутгийн зохиолчид Д.Лхагвасүрэн, Г.Чардаг, Д.Сэрээтэр, Ш.Цоодол нар олон дүү нартай болжээ. Гавьяат зохиолч Санжийн Пүрэв, Лувсангийн Пүрэвдорж, төрийн шагналт Д.Норов, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Д.Дашдондов, Б.Дашзэвэг, билэг танхай М.Билэгсайхан, зохиолчдын намтар судлалаар мэргэшсэн А.Моломжамц, Зохиолчдын хорооны Намбар ахын Пүрэв гээд Алтайн томчууд цугларав. Зохиолч Г.Болормаа, Ц.Гэрэлмаа, Я.Одгэрэл нарын бүсгүйчүүд олны танил болжээ. Цаана нь бас С.Лочин тэргүүтэй М.Эрдэнэбат, А.Амарсайхан, Б.Эрхэмбаяр, Б.Шүүдэрцэцэг гээд хэдэн арван зохиолч, яруу найрагчид байгаа гээд болохоор үнэхээр бахархалтай. С.Лочин Аажаа "Манай аймаг гурван сайн, гучин муу зохиолчтой” гэж хэлсэн юм гэнэ лээ. Харин одоо гурван их, гучин том, гурван зуугаад залуу зохиолчидтой болжээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, Х.Чилаажав, манай сум, багийн Р.Эмүжин нар нэгэнт уран бүтээлийн нас биед хүрчээ. Б.Галааридыг Бугат сумын сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхаас нь, Чилааг аймгийн сургуулийн сурагч байх үеэс нь мэднэ. Надад шүлгээ уншдаг, би ч өөрийгөө үл голон урам өгөх гэж хичээдэг байв. Харин Р.Эмүжин бол манай Сурьяа гуайн шоо шиг цагаан байшингийн хүүхэд. Түрүүг нь эргүүлсэн бахиал өмсчихсөн, улаан хацартай, ээжээ дуурайсан биеэрхүү шар охин дугуй унаад салхи шиг хурдалж явдагсан.
Гурван дүү санаачлан ойд ирсэн яруу найрагч Д.Урианхай, төрийн шагналт Ц.Бавуудорж, яруу найрагч Буянзаяа, Н.Гантулга, Буяннэмэх, жүжигчин, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нарын эрхэм хүндэт зочдыг дагуулан Хантайширынхаа оройд гарав. С.Пүрэв Бааваа бид хоёр Эмүжингийн машинд сууж дагалдав. Энэ оргил дээр Д.Урианхай бид 1983 оны намар бас ирж байлаа. Энэ тухай би С.Удвал гуайн өндөр ойгоор, 2001 онд ингэж бичсэн бөлгөө.
... Утга зохиолын өдрүүд өндөрлөж, зохиолчид буцахын урьд орой бид Удвал гуайн хүссэнээр Хантайшир уулын оройд орших радарын станцад очиж дөрвөн зүг хараа билчээн дурандаж удтал сууцгааж билээ. Зүүнтээ Отгонтэнгэр хайрхан уулс, үүлсийн дээгүүр сүүмийн харагдана. Баруун хойно цаст Сутай дүнхийнэ. Эрдэнэ гуай усан нүдэлж, Тоомойн Очирхүү шүлгээ уншиж байсансан...
Намрын зөөлөн салхи үлээж, Хантайшир, Хар азаргын нуруу дүнхийж, хоёр их цаст хайрхан амгалан дүрээрээ тольдож, Бурхан Буудай сүүмийн цэнхэртэнэ. Шаргын их говь, миний төрж өссөн Сондуултын нуруу дэргэдхэн. Цаг уурыг шинжилдэг байсан судалгаа шинжилгээний олон багаж, төхөөрөмжтэй бат бэх цагаан байшин балгас болжээ. "Цогтын цагаан балгастай төстэй юм” гээд Д.Урианхай ах мушийж байна. Олон сайхан хүмүүс эргэж ирэхгүйн аянд оджээ.
Дээр хөх тэнгэр мэлтийн, дэргэд их амьдрал үргэлжилж байна. Х.Чилаажав, Ц.Бавуудорж, Н.Гантулга, Буянзаяа, Р.Эмүжин шүлгээ дуудаж, тэнгэр газрыг холбон яруу үгсийн шидэт долгион давалгаална. Цагаан сахал, үс нь зөөлөн салхинд намилзах улаан цамцтай Д.Урианхай ах ахмад,дунд хийгээд залуу үе, ирээдүйн дунд бат зогсон гүн бодролын уянгаа эгшиглүүлнэ. Х.Чилаажав "Эрдэнэ засгийн унага”-ыг нургиулан дуулав. Адуу хөөсөн Цахиур Төмөрийн Тарлан хайрхан, Хонгор толгой торойно. Засагт ханы голомт нутаг цэв цэнхэрхэн байлаа.
Профессор Вандангийн АЛЗАХГҮЙ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад