📅

Сүмод харгис хатуу дэг жаяг ноёлсоор байна

🕔 2017/11/22 13:39

Сүмод харгис хатуу дэг жаяг ноёлсоор байна

 

Их сүмо бол Японы үндэсний спорт. Аварга бөхчүүдийг ард иргэд төдийгүй, хаан, ноёд түшмэд хүндэтгэдэг нэг ёсны өөрийн гэсэн ёс дэг, жаягтай ертөнц юм.

Гэвч өнөөгийн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ертөнцтэй зэрэгцэн оршиход улам асуудал дагуулсаар байна. Сүүлийн жишээ бол ёкозүна Харүмафүжи залуу бөх Таканоива Баасандоржийн толгой руу нь пивоны шилээр цохиж гэмтээсэн хэрэг явдал юм. Гэхдээ пивоны шилээр цохисон эсэх асуудал одоо ч маргаантай байна. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг шалгаж, Японы Сүмо бөхийн холбоо мөн л давхар асуулга мэдүүлэг авч байгаа аж.

Сүмо бол эрчүүдийн ертөнц. Эрчүүд байсан газарт ямар нэгэн дарамт шахалт байдаг. Үүнд нэмэгдэж сүмогийн хатуу ёс жаяг, хүндлэл сургаалийн бичигдээгүй хуулийн нэг нь "зодуур” юм. Таканоива их аваргыг түүнтэй ярилцаж байхад гар утсанд ирсэн дуудлагад хариулт өгснөөр Харүмафүжи өөрийг нь үл хүндэтгэсэн, том цолтой бөх, ахмад бөхийг үл тоомсорлосон хэмээн залуу бөхөд гар хүрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Гэхдээ энэ нь дээр дурдсан "зодуур”-ын хэлбэр биш. Үл хүндэтгэсэн явдал.

Харүмафүжи, Таканоива нарын дунд үүссэн асуудал даамжирч, олимпийн нэгэн төрөлд багтахаар зэхэж буй Японы мэргэжлийн сүмо бөхийн нэр хүндэд сэв суулгав. Хатуу дэг ёс нь энэ цагийн хүний эрхэнд халдаж байна гэж зарим хэвлэлд бичжээ. Үнэхээр ч ийм явдал олонтаа тохиолдсоны хамгийн эмгэнэлт жишээ бол 2007 онд 17 настай сүмоч Такаши Сайтог түүний дэвжээний дасгалжуулагч пивоны шил, бэйсболлын цохиур гэх мэт зүйлээр цохиж зодсоны улмаас залуу бөх нас барсан байдаг. Энэ нь сүмогийн түүхэнд хамгийн сүүлд тохиолдолд томоохон эмгэнэлт явдал.

Такаши Сайто Таканоивагаас ялгаатай нь дэвжээн дээрх зодуур дарамтаас болсон гэдэг. Тэгвэл Харүмафүжигийн асуудлаас болж залуу бөхчүүд дэвжээн дээрх дарамт, зодуурын тухай нийтэд дэлгэх болов уу гэсэн асуулт үлдээд байна. Хэрэв чингэвэл сүмогийн ертөнцийн "жижиг сажиг” дарамтууд ил болно. Мэргэжлийн сүмогийн их аварга болохыг хүссэн олон мянган залуус том бөхчүүдийн дарамт зодуурыг тэвчихгүй спортоо орхисон тохиолдол маш олон байдаг.

Одоо Сүмо бөхийн холбоог шүүмжлэх хүмүүс маш олон байна. Хэзээ шинэчлэгдэх вэ гэж олон хүмүүс асууж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол