📅

Хар пиар ба эвлүүлэгтэй улстөр

🕔 2017/06/23 10:06

Хар пиар ба эвлүүлэгтэй улстөр

Тав дахь төрийн тэргүүнээ бид удахгүй хүлээн авах гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль "хар сурталчилгаа” давамгайлснаараа өмнөх сонгуулиудаас ялгаатай байлаа. Эвлүүлгээр дагнасан, мэргэшсэн, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр хахсан, нэр дэвшигчдээ гутаан доромжилсноороо энэ сонгууль "түүхэнд тэмдэглэгдэхээр” дээд амжилт тогтоосон гэж хэлж болно. Сонгогчдын боловсрол руу хандсан, сонгогчдыг үнэн зөв бодит мэдээллээр хангахаас илүүтэй тархи угаасан түмэн зүйлийн гүтгэлгээр дүүрэн сонгууль болж өнгөрлөө. Тэгэхээр ямар сонгууль болоод өнгөрөв гэдгийг иргэн та ч гэсэн эргэцүүлэн тунгааж үзэх буй за.

Эвлүүлгээр хахсан хар пиар

Энэ сонгуулийн хамгийг их үйлдэгдсэн, хэрэглэгдсэн, түгээгдсэн зүйл бол эвлүүлэг байлаа. Тавилт муутай, найруулга дутуу гол дүрүүд бүтээх акцуудын цуглуулга байлаа. Урвагч шарвагчаа тодруулсан сонгууль боллоо. Эвлүүлэг бүтээгчдийн гол дүрд Женко Х.Баттулгын баг чадамгай тоглолоо. Эвлүүлэгт мэргэшсэн багтай, цуурхал дэгдээдэг хүмүүстэй гэгддэг түүнийг  угаас анх нэр нь дэвшихэд л хар сонгууль болох нь хэмээн хүмүүс онцолж байсан. Түүний хүссэнчлэн л эвлүүлгээр хахсан, эвлүүлэг тархи угаасан ийм л сурталчилгаа давамгайллаа. Тиймдээ ч түүний багийнхан бодлогын өрсөлдөөнөөс зугтаж, мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлалаа таниулахаас илүүтэй эвлүүлэг, дуулиан шуугианд хамаг цаг заваа зориулах шиг боллоо.

Бодлогын өрсөлдөөн үгүйлэгдсэн сонгууль

Дэлхий нийт бодит мэдээлэлд хошуурч байна. Элдэв технологийн дэвшлээр дамжин хүчирхийлж буй элдэв мэдээллээс зайлсхийж байна. Тиймээс ч дэлхийн олон улс гүрнүүд Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдээ үе шаттай 4-5 удаа мэтгэлцүүлж, нэр дэвшигчид нь ч дуртайяа оролцож, өөрийгөө болон дэвшүүлсэн бодлого зорилт, ажиллах зарчмаа танилцуулж, олны саналыг авч байна. Харин манайд энэ хэлбэр хэрэгжихгүй нь тодорхой боллоо. Телевизүүдийн холбоо мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөж байхдаа иргэдээс 14000 орчим асуулт хүлээн авсан байна. Тэгвэл албан хүчээр шахам ганц удаа Үндэсний телевизийн ганц цагийн мэтгэлцээнд оролцоод энэ олон асуултад хариулах боломжгүй. Тэгэхээр иргэдийн мэдэхийг хүссэн 14000 асуулт хариултгүй үлдэж байна гэсэн үг. Ганц удаа орсон бороо бүхэл зуны ганг тайлахгүйтэй адил ганц мэтгэлцээн юуг ч өөрчлөх аргагүйг ард түмэн бэлхнээ харж байгаа. Нэр дэвшигч Х.Баттулгын штаб хойш суусаар сүүлийн өдөр л ганц удаа нүүр тулж мэтгэлцэхээр болж байна. Уг нь мөрийн хөтөлбөр, хийх ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөө, алсын хараа, бодлогоо сонгогч олондоо таниулж мэтгэлцэх нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг шууд дүгнэх бололцоог иргэдэд олгох байв. Даанч бодлогын өрсөлдөөнөөс нэр дэвшигч Х.Баттулга бултсаар энэ сонгуулийг дуусгаж байна.

Нэр дэвшигчдийн дэмжигсэд ба дагалдагсад

Энэ сонгуулийн гол дүрүүд болох нэр дэвшигчдийг хэн хэн дэмжив гэдэг өнцгөөс авч үзвэл харилцан адилгүй байлаа. Нэр дэвшигч М.Энхболдыг Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүтэй бүхий л гишүүд, Шадар сайд У.Хүрэлсүх, олимпийн аварга Р.Бадар-Ууган, жүжигчин Н.Батцэцэг, Т.Бархүү, дуучин Д.Болд зэрэг улс төрийн ноён нуруу болсон, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, оюунлаг, салбар салбартаа манлайлсан эрхмүүд дэмжиж оролцлоо. Аливаа хүнийг ханилж нөхөрлөж буй анд нөхдөөр, хамтран ажиллаж буй багаар нь үнэлэх нь олонтаа. Тэгвэл Женко Х.Баттулгыг иргэн Г.Доржзодов, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, тоймч Ш.Гантулга, яруу найрагч Ц.Хулан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, цэнхэр үст Ц.Цэрэн нарын хүмүүс идэвхтэй дэмжлээ. Ардчилсан намын үе үеийн лидерүүд, төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд, ер нь энэ намын нүүр царай болсон залуус нь дагалдах нь бүү хэл дэмжиж урмын үг ч нэмэрлэсэнгүй. Өөрийг нь дэмжигсэд л орон нутгаар хөлхөлдөөд байгаа болохоос намын штабынхан нь үүрэг роль тун багатай л энэ сонгуулийг өндөрлүүлж байна.

Нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд намынхаа дарга Н.Энхбаяраар нүүр тахлав. Сурталчилгааны зурган дээрээ ч хамтдаа, уулзалтууд дээрээ ч хамтдаа явж, өдөр бүр томоохон зах дэлгүүрээр уулзалт хийж ард түмнээсээ 5000 төгрөгийг хандив нэрээр гуйж авлаа. Гэвч яс юман дээрээ ар хударгаар нь гэртээ солонгос ноёноос 50 саяар нь авлига авсан бичлэг нь тарсан хоёр нүүртэн бол С.Ганбаатар. Ядарсан ардын хулхин дээр цэцэг ургуулж заншсан түүний үнэн төрх ердөө л энэ. Хандив өргөсөн солонгос ноёнтон нь ч хүлээн зөвшөөрснөө мэдэгдэв.

Эвтэй байхдаа хүчтэй

Хэдий бохир хар сонгууль болсон ч ард иргэд эв эе, эв нэгдэл гэж чухам ямар үнэ цэнтэй, ус агаар мэт чухал болохыг улам сайн мэдэрч байна. Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, гадаад дотоодод улс орноо төлөөлдөг, Монгол Улсын нэрийн хуудас. Эрэмбээрээ улсын номер нэг хүн. Гэвч ийм эрхэм хүнээ сонгох сонгуулийн утга учрыг алдагдуулахад хувь нэмэр оруулагсад, уухайлан хашгирагсад олон байлаа. Ийм үед л эв нэгдэл, эв эе туйлаас  чухал. Нэр дэвшигчдээс хэн нь Үндсэн хуулиар төрийн тэргүүнд оноосон эрхэм үүргээ биелүүлэв, хэн нь үзэн ядалт, өшөө хорсол, эвдрэлцэл хагарал, талцал хуваагдалд уриалан дуудав гэдэг үүднээс эрхэм сонгогч та сонголтоо хийхдээ эргэцүүлж бодож үзээрэй. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй, мандаж байсан түүхтэй ард түмэн билээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол