Дурсамж сэргээх НАНА, ТАТУ нэгэн тайзнаа тоглох гэж байна
Эрч хүч, цоо шинэ өнгө төрх, өвөрмөц дуу хоолой энэ бол Тату хамтлагийн тодотгол. 1999 онд Юлия Волкова, Елена Катина гэсэн үзэсгэлэнт охидоос бүрдсэн Тату нэртэй хамтлаг байгуулагдан өдгөө хүртэл уран бүтээлээ туурвисаар байна. Тухайн үед ОХУ-д уран бүтээлээ туурвиж олон улсад алдаршсан цөөхөн хамтлагуудын нэг нь тэд байлаа. Дэггүй охидын дуулсан дуу, видео клип бүр нь сонсогчдыг татаж хийц, утга агуулга, хэмнэлээрээ байлдан дагуулж байсан юм. "Я сошла с ума”, "Нас не догонят”, "Пол часа” зэрэг дуунууд тэдний уран бүтээлийн амжилтын эхлэл байсан. Ийнхүү эдгээр гайхалтай дууг нэгэн тайзнаас сонсох боломж ирлээ. Энэ бол мэдээж "Яг түүн шиг” гала тоглолт. Дэлгэцээр харж, радиогоор сонсож байсан дуучидтайгаа хамт нэгэн үдшийг доргиж өнгөрөөх боломжийг энэ сарын 25-нд зохиогдох "Яг түүн шиг” гала тоглолт та бүхэнд олгож байна.
Хоёр жилийн турш дэлхийн болоод Монголын оддыг нэгэн тайзнаа авч ирсэн "Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр улирлын оролцогчид хамтран гала тоглолтоор үзэгчидтэйгээ уулзах болсон мэдээг албан ёсоор хүргэсэн. Тоглолт 06-р сарын 25-ны үдэш 20:00 цагаас Горхи Тэрэлжийн байгальд орших "Magic Rock” жуулчны баазад зохион байгуулагдах юм. Тоглолтын тасалбар 10.000 төгрөгөөр борлуулагдаж байгаа бөгөөд Ticket.mn, 1900-1950 болон "Magic Rock” жуулчны баазаас шууд худалдан авах боломжтой юм байна.
Мөн үзэгчдэд зориулан гурван төрлийн зогсоолоос 90 ширхэг автобус "Magic Rock” жуулчны бааз руу хөдөлнө гэсэн мэдээг зохион байгуулагчид өгч байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Боловсрол суваг” телевизийн "Edutainment tv” пэйж хуудаснаас авах боломжтой.