📅

Нийтийн номын санг түүхч, зохиолч Д.Сүръяагийн нэрэмжит болгов

🕔 2018/10/01 10:53

Нийтийн номын санг түүхч, зохиолч Д.Сүръяагийн нэрэмжит болгов

 

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор тус аймгийн Нийтийн номын санг зохиолч, түүхч, утга зохиол судлаач Дэгээхүүгийн Сүрьяагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсний дагуу есдүгээр сарын 28-нд албан ёсоор нийтэд зарлаж, түүний бүтээл туурвилыг алдаршуулах ёслолын арга хэмжээ болов. 

Мөн түүний зохиол бүтээлийг мөнхлөн үлдээх, хүүхэд багачуудад сурталчлан таниулах, гавьяа зүтгэлийг алдаршуулах зорилгоор зохиолч Д.Сүрьяагийн хөшөөний нээлт болон Нийтийн номын сангийн хаягийг шинэчлэн байрлуулсан юм. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч  Ж.Ганбат,  ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнэ, БСШУЯ-ны сайдын зөвлөх В.Алзахгүй болон зохиолч Д.Сүрьяагийн үр хүүхэд, төрөл төрөгсөд  ард иргэд оролцлоо. 

Зохиолч Д.Сүръяа нь 1918 онд Засагт хаан аймгийн Засагт ханы хошууны баруун урд Хантайшир нурууны өвөрт  малчин ард Дэгээхүүгийн 9 дэх ихэр хоёр хүүгийн нэг болж мэндэлжээ. Тэрээр 1937 оноос “Миний нутаг”, “Өвөл” шүлгүүд, “Очирбат” найраглал зэрэг шүлэг зохиол бичиж, 1940 онд зохиолчдын эвлэлийн гишүүн болон зохиол бүтээл туурвихын зэрэгцээ, 1941-1942 онд анхны шог сэтгүүл “Хурц дөл” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж  бйажээ. Энэ сэтгүүлээс “Тоншуул” сэтгүүл төрсөн түүхтэй.

Мөн 1950-аад оноос ардын аман зохиолын чиглэлийг судалж, аман яриа, хошин үлгэрийг судлан цуглуулж, түүврийг эмхэтгэн бэлтгэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонины үйлдвэрт “Далан худалч бэлэн Сэнгэ” (1969), “Бадарчин Баадайн инээдэмт паян” (1970) хошин яриа үлгэрийн түүврүүдийг эмхэтгэсэн бөгөөд монгол ардын тууль “Гэсэр”, “Жангар”-ыг судлан орчин цагийн монгол хэлний шүлгийн хэлбэрээр өсвөр үе хүүхдийн зохиол болгон бэлтгэсэн байна.

Тэрээр “Гэрэл”, “Шуурга” туужууд, “Шинэ одны гэрэл” дурдатгалууд, “Галууны дэгдээхэй” хүүхдийн зохиолын түүвэр, “Нэгэн зургийн учир”, “Тэрэгчин” туужууд, “Говийн сайхан Гоогормаа”, “Худгийн Дэмбээ”, “Онгоц газардав” өгүүллэгүүд зэрэг олон сайхан зохиол бүтээлүүдийг туурвижээ.

Д.Сүрьяагийн туулсан дайчин замнал, хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж  “Бид ялав” медаль, “Байлдааны медаль”, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, “Алтангадас” одонгоор  тус тус шагнасан бөгөөд 1974 онд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн цол, 1992 онд Ч.Лодойдамбын нэрэмжит шагналын олгосон байна. Ахмад зохиолч Д.Сүрьяа нь өөрийн төрөлх нутаг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амьдарч байгаад 1992 онд насан өөд болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол