Дэлхийн хамгийн алдартай эмэгтэй тагнуулчид
Maтa Хари Түүхчдийн тэмдэглэснээр нидерланд гаралтай энэ эмэгтэй эр хүн бүрийн хүсэл шунал, эмэгтэй хүн бүрийн атаач харцан дор өссөн гэдэг. 1876 онд Нидерландад төрсөн Мата Харийн жинхэнэ нэр Маргарета Гертруида Зелла Маклеод. Тэрбээр өөрийгөө энэтхэг бүжигчин гэж бусдад танилцуулдаг байсан ч дорнын бүжигт суралцаж, өвөрмөц өмсгөл, зүүсгэл сэлтээр гоёдог байсан нь үнэн хэрэгтээ Индонезид амьдарч байсантай нь холбоотой юм. Хожим Парист алдаршиж, цаг үеийнхээ Европын хамгийн хүчирхэг эрчүүдийг гоо үзэсгэлэн, заль мэхээрээ татсан Мата Хари Нидерландын иргэний хувьд олон орноор чөлөөтэй зорчих эрхтэй байв. Учир нь тус улс дэлхийн дайнд төвийг сахисан үзэлтэй байлаа. Гэвч чөлөөтэй аялж, олон эрийн дунд мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан нь хожим тагнуулч гэгдэн баригдахад хүргэжээ. Мата Хари германчуудын явуулгаар Францын эсрэг тагнуул хийсэн хэргээр 1917 онд яллагдсан юм. Түүнийг мөн оны аравдугаар сарын 15-нд буудан хороожээ. Орчин цагийн түүхчид Мата Харийг Францын даалгавраар Германд мөн тагнуул хийж байсан гэж үздэг бол зарим судлаач огт тагнуулч байгаагүй хэлмэгдсэн гэж үздэг байна. Мата Хари ял гүйцэтгэгчийг буугаа цэнэглэсний дараахан буюу амьсгал хураахынхаа өмнө \”Садар байж болно, би. Гэхдээ урвагч биш\” гэж хэлсэн гэх нотлогдоогүй түүх бий.
Вайолем Сабо Дэлхийн II дайны үед Британийн тагнуулчаар ажиллаж байсан Вайолет (1921-1945) франц ээж, англи аавтай ч Лондонд өсч, тухайн цагтаа шилдэгт тооцогдож байсан Брикстоны их сургуульд суралцсаны хувьд эцэг эхээсээ илүү Британид элэгтэй, эх оронч нэгэн болж хүмүүжжээ. Дайн эхлэх үед Брикстон хотын үнэртний дэлгүүрт ажиллаж байсан тэрбээр унгар гаралтай Этиень Сабо хэмээх франц офицертэй танилцан 1940 оны наймдугаар сард хуримласан байна. Тэр үед Вайолет 19, Этиень 31 настай байлаа. Вайолет удалгүй охин төрүүлсэн ч эр нөхрөө алджээ. Нөхрөө дайнд алдсан нь Британийн тусгай албанд нэгдээд удаагүй байсан түүнийг тагнуулын үйл хэрэгт эргэлт буцалтгүй оруулсан гэдэг. Холбоотны хүчин Вайолетын франц хэлний төгс мэдлэгийг ашиглан Франц, Германы хоорондох мэдээллийн долгионыг тандуулдаг байв. Хожим Германы бүслэлтэд байсан Францад Холбоотны хүчний үйл ажиллагааг өргөжүүлэхэд ч тэрбээр их хувь нэмэр оруулсан юм. Харамсалтай нь, 1944 оны зургадугаар сарын 10-нд нэгэн нууц ажиллагааны үеэр төв Францын нутагт герман цэргүүдтэй таарч гэнэ алдан баригдсан нь Вайолетыг үхэлд хүргэжээ. Германчууд түүнийг эрүүдэн шүүж, удаан тамласны эцэст 1945 оны хоёрдугаар сарын 5-нд Равенсбрюкийн хорих лагерьт цаазлажээ. Вайолет 23 настай байв.
Лиу Хюлань Хятадын иргэний дайны үед Коммунист намд хүчин зүтгэж байсан залуу, үзэсгэлэнтэй охин Лиу Хюлань Шаньси мужийн Вэньшуи тойргийн Юүншоуси тосгонд 1932 онд төржээ. Тэрбээр 14 настайдаа Коммунист намд элсэж, удалгүй Ардын чөлөөлөх армийн эмэгтэйчүүдийн туслах салаанд нэгдсэн байна. Армийн наймдугаар салаанд хүнс хүргэх, цэрэг эрсийн хувцас хунарыг оёх, онц мэдээ мэдээлэл дамжуулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэж байсан Хюлань охин орон нутгийнхаа хамгийн идэвхтэй намын залуу гишүүний нэг байв. 1947 оны нэгдүгээр сарын 12-нд Гоминьданы арми Юүншоуси тосгоныг эзэлж Коммунист намын гишүүн, тагнуулч гэх хүн бүрийг барьж, хөнөөж эхэлжээ. Нууц мэдээлэл дамжуулж байсан гэгдэн Хюланийг олны нүдэн дээр цаазлах болоход Гоминьданыхан түүнд өршөөл эрэх сүүлийн боломж олгосон гэдэг. Гэвч Хюлань үзэл бодлоосоо няцахгүй гэснээр 15-хан настайдаа цаазлагдсан байна. Тэрбээр эр зоригоороо ард түмний дунд домог мэт яригдсаар орчин цагийн Хятадын түүхэн дэх хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болжээ.
Нурь Инаям Каан 1944 оны есдүтээр сарын 13-нд Дахаугийн хорих лагерьт нацист германчуудын гарт 30-хан настай энэтхэг эмэгтэй амиа алдсан нь Нурь Инаят Каан байв. Өрнийн орнуудад Нора Бейкер нэрээр танигдсан тэрбээр Британийн тагнуулч бөгөөд германчуудад эзлэгдсэн Парист радиогийн мэдээлэл дамжуулагчаар ажилласан анхны эмэгтэй юм. Москвад төрж, Лондон, Парист өссөн Нурь XҮIII зууны үед Өмнөд Энэтхэгийн багагүй хэсгийг захирч байсан ханхүү Типү Султаны удам юм. Түүний аав Назрат Инаят Каан алдартай дуучин, хөгжимчин байжээ. Дэлхийн II дайн эхлэх үеэр ээж, дүү нарын хамт Парист амьдарч байсан Нурь гэр бүлийнхнийхээ хамт Лондон уруу дүрвэсэн байна. Гэхдээ германчуудын эзлэн түрэмгийллийг удаан тэвчсэнгүй, Британийн армид нэгдэж туршуул болоход мэргэшжээ. Британи, Францын талд хүчин зүтгэдэг хамгийн чадварлаг гурван эмэгтэй тагнуулчийн нэг байсан Нурь 1943 оны аравдугаар сард илчлэгджээ. Зодуулж, өлсөж, олон cap гав, дөнгөтэй тарчилсан ч Нурь германчуудад нэг ч үг алдаагүй гэдэг. Бүр жинхэнэ нэрээ ч хэлээгүй аж. Толгой уруу нь буудахаас өмнө Нурь \”Liberte\” буюу \”Эрх чөлөө\” хэмээн хашгирчээ. Түүнд зориулсан дурсгалын хөшөө ирэх онд Лондоны Гордоны талбайд сүндэрлэхээр болжээ. Энэ нь Британийн нутаг дахь ази төдийгүй исламын шашинт эмэгтэйд зориулсан анхны хөшөө болох юм. Этель Розерберг Этель Розерберг нөхөр Юлиусийн хамт цөмийн хөтөлбөрийн нууц мэдээллүүдийг ЗХУ-д дамжуулсан хэргээр цаазлагдсан АНУ-ын иргэн юм. Этель нөхөртэйгөө 1936 онд Бүх Америкийн залуу коммунистуудын чуулганаар танилцжээ.
Юлиус Розерберг 1942 оноос КГБ-тэй харилцаатай болж, Зөвлөлтийн талд үнэнч мэдээлэгч хэмээн үнэлэгдээд зогсохгүй олон америк хүнийг коммунист үйл хэрэгт татан оролцуулсан байна. Харин ЗХУ 1949 онд цөмийн зэвсэг туршсаны дараа л Америкийн албаныхан Розербергийнхны үзэл баримтлал улс орных нь аюулгүй байдалд ноцтой болохыг мэджээ. Этель Розербергийг нөхрийнх нь хамт 1951 онд шүүж эхэлжээ. Хоёр жил үргэлжилсэн шүүх ажиллагааны эцэст хосыг эх орноосоо урвасан хэргээр 1953 онд \”Синг Синг\” гянданд цахилгаан сандалд хороосон байна. Энэ нь тагнуулын хэргээр энгийн иргэд цаазлагдсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол юм. Этелийн цахилгаан сандалд суугаа гэрэл зураг хожим ихэд түгсэн билээ.
Эх сурвалж: emegteichuud.mn