Б.Баян-Эрдэнэ: Говь-Алтай аймгийн хэмжээнд 1450 орчим га талбайд тариалалт хийнэ
Говь-Алтай аймгийн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэтэй аймгийн хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Говь-Алтай аймгийн хаваржилтын төлөв байдал ямархуу байна. Одоогоор хэчнээн төл хүлээн аваад байна вэ?
-Өнгөрсөн 2019-2020 оны өвөлжилт өнөтэй байсан учир Говь-Алтай аймгийн малчин түмэн сайхан хаваржиж байна. Дөрөвдүгээр сарын дундуур Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Жаргалан гэх мэт Хантайширын нурууг дагасан нутгуудаар хур тунадас орсон. Үүнтэй холбоотойгоор ногооны ургалт одоо л эхэлж байна.
Энэ жилийн тухайд манай аймгийн хэмжээнд 1 сая 381 мянга орчим мал төллөхөөс одоогийн байдлаар нэг сая орчим буюу 80 хувь нь төллөөд байна. Ерөнхийдөө бог мал төллөж дууссан. Түүнчлэн энэ хаврын тухайд малын зүй бус хорогдол байхгүй байгаа нь малчдын хичээл зүтгэлийн үр дүнг харуулж байгаа юм.
-Хаврын тариалалтын ажил эхэлж байна. Говь-Алтай аймгийн хувьд энэ жил хэдэн га талбайд тариалалт хийхээр төлөвлөөд байна?
-Энэ хаврын тухайд аймгийн хэмжээнд 1450 орчим га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Иргэд зайлшгүй шаардлагатай байгаа үрийн захиалгаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн байгаа. Нийт 25 орчим тонн төмс, нэг тонн хүнсний ногооны үрийн захиалга ирснийг бид Улаанбаатар хотруу холбогдох газарт илгээсний үндсэн дээр татан авалт хийж байна. Тавдугаар сарын эхээр тариаланчиддаа нэгдсэн байдлаар олгоно.
-Аймгийн хэмжээнд хэчнээн иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн ажил эрхэлж байна. Бүс нутгийн онцлогоос шалтгаалан ямар төрлийн тариалалтыг түлхүү хийдэг вэ?
-Говь-Алтай аймаг 482 тариаланчтай гэсэн судалгаа байдаг. Энэ жил Засгийн газар, ХХААХҮЯ-наас тариаланчдад чиглэсэн хэд хэдэн бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас тариалан эрхэлдэг, цаашид энэ салбарт хүч үзэх сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг аймгийн хэмжээнд явуулахад 600-д хүрсэн. Бид энэ тоог яаманд нэгдсэн байдлаар хүргүүлээд байна.
Говь-Алтай аймгийн тухайд хатуу ширүүн уур амьсгалтай, хур тунадас багатай учир тариалалт харьцангуй хожуу эхэлдэг. Тиймээс ч газар тариалангийн ажлыг зөвхөн услалтын системийг түшиглэн явуулдаг онцлогтой. Түүнчлэн таримлын төрлийг дагнан тариалах бүс нутаг олон бий. Тухайлбал, Халиун сум төмс, Тайширын Хуримт, Чандманий Хүрхрээ, Баянтооройн Шугуй хаяа гэх мэт бүс нутгууд улаан буудай дагнан тариалж байна. Харин Алтай, Бигэр сум болон Баянтоорой тосгонд жимс жимсгэнэ тариалах боломжтой. Цаг уурын байдал, тариаланчдын нөөц боломжоос шалтгаалан аймгийн нийт хүн амын төмсний 25-40 хувь, хүнсний ногооны 18-25 хувь, жимсний хоёр хувийг хангаж байна.
-Говь-Алтай аймгийн нийгэм эдийн засгийн гол салбар болох газар тариалан эрхлэгчдийг орон нутгийн төр захиргааны байгууллагаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Энэ оны тухайд аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 40.0 сая төгрөгийн зээлийг үрийн төмс үржүүлэг, газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах чиглэлээр олгоно. Үрийн төмс үржүүлгийн чиглэлээр 1 иргэнд 15.0 сая төгрөг, газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах чиглэлээр 5.0 хүртэл сая төгрөгийн зээлийг олгоно. Зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд аймгийн ХХААГ-т холбогдох төслөө тавдугаар сарын наймны дотор ирүүлээрэй.
-Засгийн газраас энэ хаврын тариалалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гарган тариаланчдыг дэмжихээр болсон. Уг шийдвэрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэхэд ХХААГ-аас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас энэ хаврын тариалалтад онцгой анхаарч, тариалангийн талбайг нэмэгдүүлэн тариалах, ажлын байрыг хадгалж үлдэх, нэмэгдүүлэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хаврын тариалалтын бэлтгэлийг сайтар хангаж, тариалалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, шатахуун, үр бордоо ургамал хамгааллын бодисыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор болсон. Тодруулбал, Засгийн газрын 138 дугаар тогтоолоор газар тариалангийн тоног төхөөрөмж, холбогдох техникийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор манай аймгийн тариалан эрхлэгч 25 иргэн, гурван аж ахуйн нэгж шаардлагатай байгаа тоног төхөөрөмж авах хүсэлтээ ирүүлээд байна.
Мөн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон тосны ургамал, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний таримлуудын хангамжийг тогтворжуулах зорилгоор тариалан эрхлэгчдэд 150 тэрбум төгрөгийн 3-5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон бөгөөд энэ ажил тавдугаар сарын 10-наас хэрэгжинэ. Одоогоор Говь-Алтай аймагт хэчнээн төгрөгийн зээл хуваарилагдаж ирэх нь тодорхойгүй байна. Болж өгвөл тариалан эрхлэгчдийг олноор хамруулахыг зорьж байна.