Говь-Алтай аймагт 3 сая 597 мянга гаруй мал хаваржиж байна
Говь-Алтай аймгийн хэмжээнд 7255 малчин өрхийн 3 сая 597 мянга гаруй мал хаваржиж байна. Тэдгээрээс адуу 32 мянга, тэмээ 44 мянга, үхэр 84.5 мянга, хонь нэг сая 66 мянга, ямаа 2 сая 269 мянган толгой мал хаваржиж байна хэмээн тус аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлэв. Түүнчлэн тус аймгийн аюулгүй нөөцөд 280 тонн өвс, сум бүрт 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажилласан байна. Өвөлжилт хүндрээгүй учир 2019-2020 өвлийг малын хорогдолгүй давж чадлаа хэмээн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ онцлон танилцуулсан юм. Тэрээр цааш нь хэлэхдээ: “Манай аймгийн хэмжээнд 1 сая 520 мянга гаруй эх мал төллөх бөгөөд малчид маань өвлийг өнтэй сайхан давсантайгаа адил төлийн хорогдолгүй 100 хувь бойжуулж авахаар хичээж байна” гэлээ.
Э.Нарангэрэл