Засаг даргын орлогч Г.Чинбатаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллав
Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төсөл арга хэмжээг танилцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбатаар ахлуулсан ажлын баг Жаргалан, Тайшир суманд ажиллалаа.
Дээрх сумдад ажиллах үеэрээ ард иргэдтэй уулзан аймаг, сумын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хийгээд ирэх жилүүдэд өрнөх томоохон ажлуудыг танилцуулсан юм. Тухайлбал,
Боловсролын чанарыг сайжруулах төсөл арга хэмжээ, "Сумын шинэчлэл, хөдөөгийн хөгжил" төслийн хүрээнд 120 айлын орон сууц хөтөлбөр, “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслийн хүрээнд ОНХС-гийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөв. Жаргалан суманд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 4,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Цахирын услалтын систем"-ийг сэргээн, хүнсний ногооны үйлдвэрлэл, усалгаат хөдөө аж ахуйн төсөл хэрэгжүүлэхээр болсон тухай танилцуулав.
Мөн үеэр зөвлөх эмч Г.Лхагважаргалаар ахлуусан эмч нарын баг иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн бол Ардын дуу бүжгийн Алтай чуулгын уран бүтээлчид бүтээлийн дээжсээсээ ард иргэдийн сонорыг мялаалаа.