Говь-Алтайд нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа
Говь-Алтай аймагт коронавирусний халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийсэн. Тэгвэл ойрын хавьтлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос гуравдугаар сарын 26-нд энэ тухай шуурхай мэдээлэл хийсэн юм. Мэдээлэлд, “Гуравдугаар сарын 22-нд БТСУХ-ны есөн хүн Баянхонгор аймагт ажилласан ба есөн хүний тав нь Завхан аймаг орох замдаа манай аймгийн нутгаар дайран хоносон. Гэхдээ аймгийн төвөөр ороогүй, Дэлгэрийн постоор өнгөрч, Хонгор толгойгоос салан Тайширын амралтын газар нэг хоноод Завхан аймаг явсан байна. Дээрх таван иргэнийг аймгийн БСУГ-аас хоёр хүн Хонгор толгойд очиж тосоод, өдөр нь "Улаан боом"-ын усан цахилгаан станц, Тайширын амралтын газарт хамт байж байгаад оройдоо аймгийн төвд ирсэн. Тухайн хүмүүс усан цахилгаан станцын харуулыг нь машиндаа суулгаж цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан. Бид эерэг гэх мэдээллийг 23-нд аваад шууд нэг болон дам хавьтлын хүмүүсийг тусгаарласан. Халдвартай иргэдийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг ажиглах байранд тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Бид Завхан аймагт батлагдсан тохиолдлуудтай хамгийн удаан хамт байсан иргэнээс PCR шинжилгээ авсан. Хариу нь өнөө өглөө сөрөг гарлаа. Сөрөг гээд бид тайвширч болохгүй, хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлах хэрэгтэй” гэдгийг онцгойлон анхааруулсан юм.
Одоогоор нэгдүгээр хавьтлын дөрвөн иргэний биеийн байдалд ямар нэгэн зовуурь илрээгүй хэвийн байгаа ажээ. Түүнчлэн өнөөдөр халдвартай иргэдийн нэгдүгээр болон дам хавьтлын 20 гаруй иргэний шинжилгээг Ховд аймагт зөөвөрлөн, PCR шинжилгээнд хамруулах аж. Хариу өнөө орой гарна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад