Т.Ганзориг: Говь-Алтай, Завхан аймгийн хэрэглэгчид 2,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлээд байна
Говь-Алтай, Завхан аймгийн хөдөөгийн 44 сум, суурин газрын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр 24 цагийн турш найдвартай ханган ажиллаж буй “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганзоригтой ярилцлаа.
-Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу танай байгууллага системийн хэмжээнд нийт хэдэн хэрэглэгчдэд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна вэ?
-Монгол Улсад "Ковид-19" цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг сааруулах, өрхийн орлого, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрыг хадгалах зорилгоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах шийдвэр гарсан.
“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК нь Говь-Алтай Завхан аймгийн айл өрх, аж ахуйн нэгжийн 23136 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна. Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэнээс хойших хугацаанд дээрх хэрэглэгчид 2,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Үүнээс үзэхэд Засгийн газрын 211 дүгээр тогтоолын дагуу энэ оны долоодугаар сарын 1 гэхэд манай систем компани хэрэглэгчдэдээ 6,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх төлөвлөгөө тооцоо гаргаад байна.
-Тэгвэл ингэж хөнгөлөлт эдлүүлж байгаа нь хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээж буй танай компанид ямар ач холбогдолтой байгаа вэ?
-Цар тахалтай холбогдон эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд бэлнээр мөнгө өгснөөс амьдрал ахуйд нь бодит дэмжлэг үзүүлж ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт эдлүүлж байгаа нь өрхийн эдийн засаг болоод бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд цагаа олсон олон талын дэмжлэг болж чадаж байгааг хэлэх нь зүйтэй юм.
Цахилгаан эрчим хүч түгээх дамжуулах чиг үүрэг бүхий манай систем компанийн хувьд хэрэглэгчдийн төлбөрийг төрөөс төлж байгаа нь байгууллагын эдийн засагт үр өгөөжөө өгч, үйл ажиллагаагаа доголдолгүй явуулах гол хөшүүрэг болж байна.
-Өмнөх оны хэрэглээтэй дүйцүүлж төлбөрийг тооцож байгаа. Тэгвэл нэг өрх дунджаар хэчнээн төгрөгийн төлбөрөө төрөөр даалгаж байгаа вэ, тооцоо судалгаа гарсан байх?
-Цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбоотой Эрчим хүчний сайдын 269-р түр журам гарсан. Тус журамд төрөөс хариуцах ЦЭХ-ний төлбөрийн хэмжээг өмнө оны мөн үеийн хэрэглээтэй ижил хэмжээгээр тооцно, өмнө оны хэрэглээтэй харьцуулах боломжгүй хэрэглэгчдийг ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлж тооцно гэж заасан байдаг. Үүний дагуу манай компани Засгийн газрын хөнгөлөлтийг 23136 хэрэглэгчийн нийт хэрэглээнээс 80-85 хувийн чөлөөлөлт тооцон ажилласан байна. Айл өрхийн хэрэглээ харилцан адилгүй байдаг. Иймд тухайн айл өрхийн нийт хэрэглээний 50-100 хувийн хөнгөлөлт тооцогдож байгаа юм.
-Дээрх шийдвэр гарангуут цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийн хувьд эрчим хүчний хэрэглээ хэрхэн өөрчлөгдөв?
-Дээр дурдсанчлан айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Журамд заасанчлан эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцаж байгаа.
Ер нь айл өрхийн сард хэрэглэдэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг. Гэвч Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлөх шийдвэр гарсан өдөр Говь-Алтай аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал нэг дахин нэмэгдэж байсан. Тухайн үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ ердийн үеийнхээс 1 МВт буюу нэг дахин нэмэгдэж ачаалал үүсгэсэн. Манай систем компанийн 2020-2021 оны оргил ачаалал 19.47 МВт, бага ачаалал 3.5 МВт хүрсэн тооцоо судалгаа гараад байна. Оргил ачаалал 19.47 МВт хүрснийг өнгөрсөн оны өвлийн оргил ачаалалтай харьцуулахад 0.75 МВт буюу 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-“Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК хэрэглэгчдэд нийлүүлж буй эрчим хүчээ ямар эх үүсвэрээс авдаг вэ. Энэ тухай тодорхой мэдээлэл өгвөл?
-Манай систем компанийн тухайд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 37 хувийг дотоодын эх үүсвэрүүдээр буюу Тайширын УЦС, Гуулин УЦС, Есөнбулаг ДиЦС, сумдын дизель болоон нарны ЦС, Богдын голын УЦС, Галуутай, Хүнгүй УЦС, Тосонцэнгэл УЦС, Улиастай ДиЦС-аас бүрдүүлж байна. Харин 63 хувийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ болон Баруун бүсийн эрчим хүчний системээс ханган ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.