📅

Г.Наранцэцэг: Халаалт дулааны төлбөрийг хөнгөлж байгаа нь бодит дэмжлэг болж байна

🕔 2021/11/29 15:36

Г.Наранцэцэг: Халаалт дулааны төлбөрийг хөнгөлж байгаа нь бодит дэмжлэг болж байна

 

Коронавирусний халдварын нөхцөл байдлын үед халаалт дулааны төлбөрийг төрөөс хөнгөлж байгаа нь хувийн хэвшлийн байгууллагуудад бодит дэмжлэг болж байгаа талаар төлөөлллүүд ярьж байна. Говь-Алтай аймгийн Алтай хотын халаалт дулааны 90 гаруй хувийг хангадаг “Мандал голомт” компаниас дулаан хангамжийн үйлчилгээ авч хөнгөлөлтөд хамрагдаж буй хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдэнд  хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжилснаа цувралаар хүргэж байна. Энэ удаа Гутал үйлдвэрлэлийн “Хүслийн наран" ХХК-ийн захирал Г.Наранцэцэгтэй ярилцлаа.

 

-Компанийнхаа тухай товч танилцуулна уу? 

-Манай компани 2009 онд байгуулагдсан. Өдгөө 13 жилийн турш тасралтгүй гутал үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж ирлээ. Энэ хугацаанд орчин үеийн чанартай, эрүүл мэндэд ээлтэй, хөлд эвтэйхэн, хөнгөн дулаан гутлаар Алтай нутгийнхаа ард иргэдийн хэрэгцээг хангаж ирсэн. Гэр бүлийнхээ хамтаар 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл бүх төрлийн гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд 1996 онд “Хүслийн оргил”, 2002 онд “Хүслийн жигүүр” хоршоо,  2009 оноос “Хүслийн наран” ХХК болгон үйлдвэрлэлээ өргөжүүлээд байна. 

-Цар тахал бизнес эрхлэгчдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн халаалт дулааны төлбөрт төрөөс хөнгөлөлт үзүүлж байгаа. Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа нь танай байгууллагад дэмжлэг болж чадаж байна уу?

-Цар тахалтай хүнд үед хаалга маань хаагдаж, хатуу хөл хорионд орж бидний үйл ажиллагаа хүндэрсэн ч Засгийн газраас цаг үеэ олсон шийдвэр гаргаж, 2020 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл тогтмол зардал болох халаалт дулааны үнийг хөнгөлөн бодит дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад баярлаж байна. Манай компани сарын 400,000 мянган төгрөгийг халаалт дулааны төлбөрт төлдөг байсан. Өдгөө найман сарын хугацаанд хөнгөлөлтөд хамрагдаад явж байна, чамгүй хугацаа шүү. Манай байгууллагын хувьд зардал багасч хэмнэлт гаргаж байгаа. Хэмнэлтээ ажилтнуудынхаа цалин хөлс, материалаа ахиухан татах гээд олон зүйлд зарцуулж байна.  Жишээлбэл 3 сая 200 мянган төгрөгөөр ойролцоогоор 100 хүүхдийн гутал үйлдвэрлэх материалыг авч чадаж байна.


 

-Борлуулалтаа хаагуур хийдэг вэ? Түүхий эд материалаа хаанаас авч, хэдэн нэр төрлийн гутал үйлдвэрлэж байна?

-Манайх хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулж ус чийг татдаггүй, өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дулаан гутлыг  үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Бид ээтэн, буриад, ажлын, бүжгийн гутлуудыг үйлдвэрлэхийн хажуугаар элэгдэж муудсан гуталд ул татах, цахилгаан солих, булчин сунгах зэрэг бүх төрлийн засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Гутлаа дотоодын үйлдвэрүүд болон ОХУ-аас ирсэн чанартай материалаар хийдэг. Өөрөөр хэлбэл сайн чанарын боловсруулсан арьсаар хийдэг. Бидний үйлдвэрлэсэн гутлыг Алтайчууд худалдан авч хэвшсэн.

-Цаг гарган мэдээлэл өгсөнд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол