"Иргэдийн худалдан авах чадвар өмнөх жилүүдээс буурсан"
“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар хамтран “Бүтээлч болГОЁ” ардын урлаг, гар урлаачдын нэгдсэн арга хэмжээг гурав дахь өдрөө зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээнд оролцож буй Н.Долгорсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр нөхөртэйгөө чулуун гоёл, хөөрөг гэх мэт чулуугаар дагнасан гэр бүлийн үйлдвэрлэл эрхэлдэг байна.
-Та энэ арга хэмжээнд хэд дэх жилдээ оролцож байна вэ?
-Манай гэр бүл энэ арга хэмжээнд гурав дахь жилдээ оролцож байгаа. Бусад жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүстэй танилцах, туршлага судлах мөн ард иргэдэд нээлтэй тул үйлчлүүлэгч жирийн өдрүүдээс их байдаг.
-Энэ жил бараа бүтээгдэхүүний борлуулалт өмнөх жилийнхээс хэр байна?
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн худалдан авах чадвар нэлээд муу бас үйлчлүүлэгч харьцангуй бага байна. Бараа бүтээгдэхүүнийхээ үнийг буулгая гэхээр цаг, зав, хөдөлмөрөө бодохоор хэцүү. Үнээрээ зарахаар худалдаж авч байгаа хүн цөөн л байна даа. Гадуур бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр болсон байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний зүйлс, иргэдийн цалин бага байгаа нь нөлөөлж байх шиг байна.
-Нээлттэй арга хэмжээн дээр сонирхолтой, хөгжилтэй явдал тохиолддог уу?
-Хааяа их хөөрхөн зүйл тохиолдог. Өнөөдөр гэхэд миний хамгийн балчир үйлчлүүлэгч долоон настай хүүхэд байлаа. Тэр жаал археологич болох мөрөөдөлтэй гээд чулуунуудыг маань их сонирхож утга учир, гарал үүслийг нь асуусан. Би мундаг археологич болоорой гээд чулуугаар мялаасан.
С.Нинжжаргал
https://news.mn/r/2655647/