Алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг уриалав
Говь-Алтай аймгийн хэмжээнд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн салбарын 98 алба хаагч 49 постод 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Гуравдугаар сарын 10-ны өдрийн УОК-ын шийдвэрээр хот суурин газруудад зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл хязгаарласантай холбогдуулан дээрх байгууллагууд дээр нэмэгдэн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн алба хаагчид ажиллаж эхэллээ.
Түүнчлэн хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 03-ны 08:00 хүртэлх хугацаанд тѳв суурин газруудад зорчигч, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож мэргэжлийн ангийн алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн хяналт, шалгалтыг зохион байгуулан ажилласан юм. Энэ хугацаанд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-ийг зөрчсөн 16 хүнд 2.400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хууль хяналтын байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүндэтгэн биелүүлэхийг тус аймаг дахь Цагдаагийн газраас уриалав.
Э.Нарангэрэл