Сүүлийн 24 цагт халдварын 200 тохиолдол бүртгэгдлээ
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээг олон нийтэд танилцууллаа. Тодруулбал, сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 548 шинжилгээ хийснээс хүүхэд 68, насанд хүрэгч 132 нийт 200 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр Говь-Алтай аймагт коронавирусний халдвар анх бүртгэгдсэнээс хойш нь нийт 4608 хүүхэд, 12884 насанд хүрэгч өвчилжээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 320 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас нэн хүнд 1, хүнд 28, хүндэвтэр 112, хөнгөн оноштой 179 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 93 хүн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээллээ. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39561, хоёрдугаар тунд 37468, гуравдугаар тунд 16334, дөрөвдүгээр тунд 1138 иргэн хамрагдаад байгаа аж.
Сүүлийн хоногуудад халдварын тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, өндөр настан, хүүхэд багачууд, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалахыг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас анхаарууллаа.